Жил бүр 10-11 суманд биотехникийн арга хэмжээ авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-19 10:50:10

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг жил бүр 10 гаруй суманд нэн ховор, ховор амьтдыг хамгаалах зорилгоор биотехникийн арга хэмжээ авдаг гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

-“Амьтны тухай хуулийн зургаадугаар дугаар зүйлд зааснаар амьтныг хамгаалах биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тоот албан даалгавар буюу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авах. Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авахаар тус тус заасан байгаа. Тиймээс тус албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогчоор төлөвлөгөө батлуулан 24 суманд хүргүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд сум бүр өөрийн нутаг дэвсгэрт буй нэн ховор болон ховор, зэрлэг амьтдад туслах зорилгоор биотехникийн ажлыг зохион байгуулж байна.

Ер нь манай аймаг жил бүр эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 8-4 сая төгрөгийг тусгаж, ховор амьтдыг хамгаалах ажилд зарцуулж байна. Жилд 10-11 суманд 15-20 цэгт, нэн ховор, ховор амьтдыг хамгаалах зорилгоор өвс тэжээл хүргэх, хужир шүү, усан хангамжаар хангах ажлыг хийж байна. Тухайлбал сүүлийн дөрвөн жилд нийт 521 боодол өвс, 14.1 тонн хужрыг амьтдад тавьж өгчээ.


Үүнээс 2017 онд бусад жилээс бараг гурав дахин их өвс, хужрыг ховор амьтдад тавьж өгсөн байна. Энэ нь тэр жил цас ихтэй, хүйтэн, зарим газартаа өвсгүй хуурай, хаврын тарчиг цаг үе, зундаа гантай жил гээд цаг агаарын нөхцөл байдлаас болж харилцан адилгүй байдаг. Өнөөдрийн байдлаар нэр бүхий долоон сум энэ ажлыг сумандаа зохион байгуулжээ. Энэ сард гэхэд Цагаанчулуут сумын баруун Туулайт, Шилүүстэй сумын Алаг цахир, Отгон сумын Бор хавцал зэрэг газарт биотехникийн арга хэмжээг авчээ. Эдгээр газруудад аргаль, халиун буга бий. Нийт 50 боодол өвс, 250 кг хужир тараан байршууллаа. Цаашид дахин зудын эрсдэлтэй. Их эрсдэлтэй бүс нутгуудад биотехникийн арга хэмжээг шат дараатай үргэлжлүүлэн ажиллана” гэв. 

Related news