Онцгой байдлын газар иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-18 19:44:03

Завхан/МОНЦАМЭ/. Дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит Завхан аймгийн Онцгой байдлын газар сүүлийн дөрвөн жил дараалан аймгийн тэргүүний байгууллагаар шалгарчээ.

-“2020 онд төрөөс баримтлах бодлого шийдвэр болон аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн “Тэргүүний байгууллага”-аар шалгарч шагналаа сар шинийн баярын үеэр гардан авлаа. Өнгөрсөн онд алба хаагчид маань 76 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар ажиллаж, 26 иргэний амь, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох, аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 29 сургуульд “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгуулжээ.

Түүнчлэн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор албаны спорт заалыг ашиглалтад орууллаа. Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн түвшинд 12, байгууллага, аж ахуй нэгжийн түвшинд 41 удаа зохион байгууллаа. Тухай бүр нь албадад мэргэжлийн зөвлөмж хүргүүлэн ажиллахын зэрэгцээ “Эко Завхан” аянд амжилттай оролцож, өнгөрсөн онд “Шилдэг эко байгууллага”-аар шалгарсан. Манай байгууллага 2017-2020 онд буюу сүүлийн дөрвөн жил дараалан аймгийн тэргүүний байгууллагаар тодорлоо” гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Related news