Зөвхөн өөрийнхөө сүргийг л хайх "Хангал"-ын тухай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-19 17:51:19

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын Хомын талд өсөж үржиж буй тахийн сүргийн гишүүн бүр нэртэй. Тахийн сүргийн гишүүн болох Хангал азарганы талаарх сонирхолтой түүхийг Хомын талын Тахь ТББ-ын ажилтан мэдээлэв.

-“Манай Хомын талын тахь бүр нэртэй. Энд дурдах гэж буй азарга Хангал маань 2012 онд Хомын талд төрсөн. Чехээс ирсэн Лима гүүний төл юм. Хангал 2017 онд анх гүү хураасан бөгөөд 2018 онд сүргээ Ургамал нэртэй азарганд алдсан юм. Харин 2019 оны зургаадугаар сард сүргээ “Ургамал”-аас буцаан авсан боловч хоёр сарын дараа эргүүлэн Ургамалд алдсан. Саяхан мөн л Ургамалаас гүү салгасан боловч эргээд алдчихаж. Бачелорууд буюу сүрэг хураагаагүй азарга, үрээнүүд сүрэг хураах боломж хайж, гүү авах оролдлого хийсээр байдаг бол Хангал зөвхөн Ургамалыг л хайдаг. Түүнд бусад сүрэг, гүүнүүд сонин биш. Тэр байнгын шилжиж, хэрэн хэсүүчилж, Ургамалыг хайж явдаг. Өнгөрсөн намар Хомын тал дахь сүргүүдээ очиж эргэхэд Хангалтай таараад доорх зургийг авсан юм. Хангал Ургамалыг хайж олоод “үзэлцсэн” байсан. Биеэрээ дүүрэн шархтай, буруу хойд хөл нь доголсон байж билээ. Тахийн азаргын хувьд гүү хурааж, үр төлөө үлдээх нь хамгийн чухал. Азарганууд хоорондоо сүрэг булаалдан тэмцэлдэх үед хазуулж, гэмтэж тэр ч бүү хэл үхэлд хүргэх хэмжээний шарх олох нь ч бий. Хомын талд сэргээн нутагшуулж буй тахийн сүргээс 16 жилийн хугацаанд бие гүйцсэн дөрвөн азарга энэхүү ширүүн тулаанаас болж хорогдсон байдаг” гэж Хомын талын тахь ТББ-ын Олон нийттэй харилцах ажилтан Б.Анударь хэлэв.

Тахийн тоо 2020 онд 100 толгойд хүрчээ

Дөрвөлжин сумын Хомын талд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсөж үржиж байгаа тахийн сүрэг эх нутагтаа хэдийн дасаж идээшжээ.

-"Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд анх Франц улсаас 2004 онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд дөрвөн тахь тус тус тээвэрлэн авч ирж сэргээн нутагшуулсан нь амжилттай өсөж үржиж 100 гаруй толгойд хүрлээ. Манай ажилтнууд ажиглалт судалгааг жилийн дөрвөн улиралд хийж байгаа бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдал, чононд бариулах ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд өсөж үржиж байгаа. Мөн манай цогцолбор газар дээр Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүсийн Их нууруудын хотгорын газарзүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлог бүхий орчинд тахь ийнхүү амжилттай нутагших боломж бүрдсэн. Хамтын ажиллагаа ч сайжирсан хэмээн Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв.

Related news