Загастайн давааны зорчих хэсгийг цэвэрлэж, саадгүй болгожээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-02-22 19:59:41

Завхан/МОНЦАМЭ/. Энэ сарын 21-22-ны өдрүүдэд орсон цасны улмаас Загастайн давааны зорчих хэсэг хаагдсан. Тус замыг цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг саадгүй болголоо гэж "Завхан АЗЗА" компаниас мэдээлэв.

-“Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-23-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар цас орж шуурна гэсэн мэдээ байна. Мөн зарим газраар огцом дулаарч байгаатай холбоотой өдөртөө цас хайлж, шөнөдөө мөстөх, халтиргаа гулгаа ихсэх эрсдэлтэй байна. Ялангуяа бартаа багатай хатуу хучилттай автозамуудад халтиргаа гулгаа ихэссэн байна. Тиймээс иргэдийг баталгаатай автозамаар зорчихыг зөвлөж байна. Манай компанийн зүгээс улсын болон орон нутгийн чанартай зам давааг нээх, автозамын зорчих хөдөлгөөнийг саадгүй болгох ажлыг дуудлагын дагуу тухай бүр нь хийж байна” гэв.





Хүчтэй салхи шуурганаас болгоомжлохыг сануулав

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх. Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй. Дулаан хувцастай зорчих. Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Ялангуяа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Related news