"Ардын хувьсгалын 100 жил" шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-23 14:45:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулсны 90 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудыг хийхээр аймгийн удирдлагын баг ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд Ардын хувьсгалын ач холбогдлыг хойч үедээ ойлгуулах, өөрийгөө илэрхийлэх, ярих илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор "Ардын хувьсгалын 100 жил" илтгэлийн уралдааныг зарлалаа. Мөн уралдааны зорилго нь Монголын түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, түүх соёлоороо бахархах, эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн байна.

Тус илтгэлийн уралдааны тэргүүн байр 100.000 төгрөгийн шагналын сантай бөгөөд нэг бүтээл шалгаруулах гэнэ. Харин дэд байрт хоёр бүтээл шалгаруулж тус бүр нь 80.000 төгрөг, гутгаар байрт гурван бүтээл шалгаруулж тус бүр 60.000 төгрөгөөр урамшуулах ажээ. Уралдааны тусгай байр мөн гурван бүтээл шалгарах бөгөөд 30.000 төгрөгийн шагналтай юм байна. Уралдаанд зөвхөн ахлах ангийн сурагчид бүтээлээ ирүүлэн оролцохыг урьж байна. Энэхүү уралдааныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Related news