Сумын удирдлагууд ирэх жилүүдэд хийх ажлуудаа танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-24 14:29:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сумдын засаг дарга нар бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар танилцуулав. Сум бүр улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хандив тусламжийн санхүүжилтээр орон нутагтаа нэн шаардлагатай хийх ажлуудаа эрэмбэлжээ.

Тус аймгийн 13 сумын засаг даргын дөрөв нь улиран, ес нь шинээр сонгогдсон байна.

Засаг дарга нар мэдээллээ өгөхдөө сум орон нутгийн хүн ам, эдийн засгийн нөхцөл байдал, 2020 оны ололт амжилт, 2021 онд хийж хэрэгжүүлэх, эхлүүлэх ажлуудаа танилцуулсан юм. Ирэх жилүүдэд сумдад хийх онцлох ажлуудыг таницуулбал, Асгат сум аймгийн хэмжээнд гандан, хийдгүй ганц сум. Тэр утгаараа олон нийтийн саналд тулгуурлан иргэдийн хандив тусламжаар хийд байгуулна гэв.

Баяндэлгэр сум аймагтаа хамгийн олон хөдөлмөрийн баатартай. Өдгөө тэдний гурав нь сумандаа, хоёр нь өөр газар амьдардаг аж. Тиймээс тэднийхээ үйл хэргийг мөнхжүүлэх, алдаршуулах зорилгоор нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болжээ. Энэхүү ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэх бөгөөд ОНХС-аас 69 сая, хөдөлмөрийн баатруудын үр хүүхдүүдээс 23 сая төгрөгийг эхний жилд бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Баруун-Урт сум “Зөв хэвшил зөв амьдрал” хөтөлбөр хэрэгжүүлэх, Дарьганга суманд "Сайхан хашаа" хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлж, эко өрхийг шалгаруулах, Мөнххаан сум соёлын биет бус өв тээгчдээ алдаршуулах, хадгалах ажлыг үе шаттай хийх, Наран суманд залуучуудын хөгжлийн төв байгуулах, Онгон суманд бойны цэг, мах боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, Сүхбаатар сум цэвэрлэх байгууламжтай болох, Түвшинширээ сум хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, Түмэнцогт сум хүүхэд, гэр бүлд ээлтэй баг, байгууллагаа алдаршуулах, Уулбаян суманд гарааны бизнесийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, Халзан суманд спорт, соёл амралтын цогцолбор байгуулах, Эрдэнэцагаан суманд шинээр баяр наадмын талбай барих гэдэг ажлуудыг тусгажээ. 

Related news