Хойд бүсийн шатрын аварга шалгаруулах цуврал цахим тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-25 14:37:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Гэртээ байж, шатар тоглоё” хойд бүсийн аварга шалгаруулах цуврал цахим тэмцээний 1-р хэсэг энэ сарын 20-21 нд "lichess" шатрын флатформ дээр амжилттай болжээ. Тэмцээнд хойд бүсийн аймгууд болох Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн шатарчид оролцож байгаа аж.

Энэхүү цахим тэмцээн энэ сарын 20-ноос эхэлсэн бөгөөд 4-р сарын 4-ний өдөр хүртэл цувралаар зохион байгуулж, бүсийн аваргаа тодруулах юм байна.

Уг тэмцээний 1-р хэсэгт Олон улсын цолтой тамирчин тав, спортын мастер гурав оролцсон бөгөөд нийт дөрвөн аймгийн 58 шилдэг тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн аж. Тус цахим тэмцээнд Орхон аймгийн тамирчин Ё.Пүрэвдаваа тэргүүлж, мөн аймгийн тамирчин Олон улсын мастер Н.Баттулга, Сэлэнгэ аймгийн тамирчин Олон улсын дэд мастер Т.Номиндалай нар удаалжээ.

"Гэртээ байж , шатар тоглоё" бүсийн цуврал тэмцээний 2-р шат энэ сарын 27-нд эхлэх бөгөөд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн тамирчдыг урьж байна.

Энэхүү анхны цахим цуврал тэмцээнийг Сэлэнгэ аймгийн “Таван хан” шатрын клуб, Орхон аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ.

 

Related news