Залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад эхний ээлжинд Улаанбаатараас хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2021-03-16 20:44:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар ажил, хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны 58 841 залуус байна. Ирэх сараас ажилгүй залуучуудыг сонгон шалгаруулж, эхний ээлжинд 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулахаар болсон.


Энэ сургалтаар жилд 5000 хүнийг ажлын байранд зуучилна хэмээн салбарын яам тооцож буй. ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Х.Тамираагаас “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийн талаар тодрууллаа.


-Эхний ээлжийн залуусыг дөрөвдүгээр сарын 1-нээс сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулна гэлээ. Ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөлд эхний ээлжинд 500 залууг Улаанбаатар хотоос хамруулна. Төсөлд хамрагдах залуус 18-34 насны, сүүлийн 3 сар ажил хөдөлмөр эрхлээгүй, урьд нь ял, шийтгэл эдэлж байгаагүй, их, дээд сургууль болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцдаггүй байх шаардлагатай. Хамрагдах хүсэлтэй залуучуудыг бүртгэж, ярилцлага хийснээр эхний шатанд тэнцсэн залуучуудыг эрүүл мэндийн үзлэг, PCR шинжилгээнд хамруулна.  


-Зарим хүмүүс төсвийн мөнгө үрэн таран хийж байна гэж шүүмжилж байна. Энэ жил 5000 хүнийг хамруулахад 11.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Чухам ямар ямар зардал үүнд багтаж байгаа вэ?

-Энэ жилийн төсөвт сургалт зохион байгуулах, ажлын байраар хангахад гарах бүх зардал болон нэг сая төгрөгийн тэтгэлэг багтсан. Тодруулбал, суралцагчдын байр, хоолны зардал, эрүүл мэндийн үзлэг, халдвар хамгаалал, даатгал, сургалтын үйл ажиллагааны зардал багтаж байна.  


-Ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож бүтэн жилийн урамшууллыг өгөхөөр төлөвлөж байна. Ийм аж ахуй нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллах вэ?

-Сургалтад хамрагдаж төгссөн залуучуудыг ажлын байраар хангаж, тэднийг нэг жилийн турш тасралтгүй ажиллуулсан тохиолдолд дээрх урамшууллыг олгохоор төлөвлөсөн. 


-Дөрвөн яамны ажлын хэсэг гарч, хамтран ажиллаж байгаа гэсэн үү. Яам тус бүр ямар ажил хариуцаж байна вэ?

-Төслийг хэрэгжүүлэхээр БШУЯ, ХНХЯ, БХЯ, Соёлын яам болон ЗГХЭГ хамтарсан ажлын баг ажиллаж байна. Удирдлага, ерөнхий зохион байгуулалтыг ХНХЯ, сургалтын хөтөлбөр агуулгыг ХНХЯ, ЗГХЭГ, сургалт зохион байгуулалт, ложистикийн хэсгийг БХЯ, төслийн маркетинг, PR хэсгийг Соёлын яам тус тус ахлан хариуцаж, яамдын оролцоог жигд хангаж байна.


-Сургалтад хамрагдах залуусыг ижил хувцсаар жигдлэх юм байна. Хувцасны дизайн загварыг хаана гаргах вэ?

-Сургалтад хамрагдах залуусын хувцасны дизайн загварыг Соёлын яамны ахалсан баг хариуцаж байна. Хувцсыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу болон дотоодын үйлдвэрлэгч нараар хийлгэхээр ажиллаж байна.


-Сургалтад хамрагдах залуусыг хоёр сар тусгаарлана гэсэн үү?

-Сургалтын хугацаа нэг сар байх бөгөөд залуучуудыг тусгай сургалтын газарт байрлуулж, цогц сургалтад хамруулна. Тэгэхээр энэ хугацаанд тусгаарлагдах буюу ажил, хөдөлмөр хийх хүсэл, сонирхолтой үе тэнгийн залуучуудтайгаа бие биенээсээ суралцах, хамтдаа хөгжих боломжтой орчинд байрлуулна.


-Сургалтыг хэчнээн төрлөөр ямар мэргэжлээр явуулах вэ?

-Хувь хүний хөгжил, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх, эх оронч үзэл төлөвшлийн зэрэг 4 төрлийн сургалтыг явуулна. Мэргэжил олгох сургалт явагдахгүй. Харин мэргэжил эзэмшсэн залуучуудыг төгссөний дараа ажлын байраар хангах, дахин мэргэших, эсвэл мэргэжил эзэмшээгүй залуучуудыг мэргэжил эзэмших хүсэлтэй, ажил хөдөлмөрт дуртай болох, сурахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, төсөлд хамрагдсан иргэдийг ажлын байранд зуучлах, тэдний хүсэл сонирхлоос хамааран жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт хамруулах, мэргэжлийн болон үйлдвэрлэл дээрх сургалтад хамруулах, ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих зэрэг ажлыг хэрэгжүүлэн юм.  

 

 

Related news