Хятад дахь барууны компаниудын нөхцөл байдал хүндрэв
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Шинжаанд хөвөн даавууны үйлдвэрлэлд уйгаруудыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэж эсэргүүцлээ илэрхийлсэн H&M, Nike зэрэг барууны брендүүд Хятадын олон нийтийн сүлжээнд хэрэглэгчдийн хэл амны бай болж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ удаагийн “Шинжаан хөвөн”-гийн асуудлаар эсэргүүцлээ илэрхийлсэн үйл явдал нь Хятад улс, барууны улс орнууд хоорондын албаны болон ард иргэдийн харилцааг улам бүр хурцадмал байдалд хүргэнэ гэжээ. Мөн энэ нь Хятадын Засгийн газраас холбогдох үндэстэн дамнасан корпорациудын эсрэг арга хэмжээ авахад хүргэж болзошгүй юм.
H&M компанийн зүгээс “Шинжааны хөвөн”-гийн асуудлыг эсэргүүцсэний улмаас Хятад дахь нөхцөл байдал нь улам бүр хүндэрч байгаа ба Шинжааны зарим томоохон дэлгүүрүүд дэх H&M салбаруудыг хаасан байна.
Түүнээс гадна Хятадын GPS газар зүйн байрлал заадаг хэд хэдэн аппликейшн дээр H&M брендийн дэлгүүрүүд хасагджээ.
Энэ асуудал зөвхөн H&M компаниар зогсохгүй өнгөрсөн онд “Шинжаан хөвөн”-гийн асуудлыг эсэргүүцэж буйгаа зарлаж байсан АНУ-ын Nike компани, Швейцарын “Хөвөн даавууны нийгэмлэг” /BCI/ зэрэг барууны байгууллага ч мөн асуудалтай тулгараад байна.
H&M компаниас энэ сарын 24-ний орой мэдээлэл хийхдээ, “Шинжаан хөвөн”-гийн асуудлыг эсэргүүцэн тус мужид үйлдвэрлэсэн хөвөн худалдан авахаас татгалзах шийдвэр гаргасан нь аль нэг улсын улс төрийн байр суурийг илэрхийлээгүй. Манай компанийн хувьд Хятадын хэрэглэгчдийг хүндэтгэж, тус улс дахь урт хугацааны хөрөнгө оруулалт, хөгжлийн төлөө чармайж ажиллана” гэх уур амьсгалыг зөөллөх утга санаа бүхий мэдэгдэл гаргасан. Гэвч энэхүү гал унтраах арга нь үр дүнд хүрэээгүй бөгөөд өчигдөр тус компанийг эсэргүүцсэн хөдөлгөөн маш хурдацтай өрнөв.
Мөн Хятадын онлайн худалдааны Taobao, Tmall, JD зэрэг платформ H&M-ийн дэлгүүрүүдийг устгасан байна.
“Шинжаан хөвөн”-гийн асуудлаар эсэргүүцлээ илэрхийлсэн барууны брендүүдийг Хятадын албаны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт хэрэглэгчид нэр цохон нэрлэсэн ба үүнд BCI, Nike, Puma, Adidas, Tommy Hilfiger зэрэг бренд багтжээ.
Дээрх асуудалтай холбоотойгоор Хятадын “Хөвөн даавуун нийгэмлэг”-ээс “Олон улсын брендүүд Хятадын зах зээлийг хүндэтгэх ёстой” гэсэн мэдэгдэл гаргасан байна.