Гараар урласан эсгий шаахай эрэлт ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сум бүрд жижиг үйлдвэртэй болох “Z-24” төслийн үр шимийг хүртэгчдийн
бүтээгдэхүүн эрэлт ихтэй байна.
Тодруулбал, сум бүрд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн хүнсний болон хувцас хэрэглээний бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа аж. Тухайлбал Улиастай суманд үйлдвэрлэж байгаа эсгий гэрийн шаахайг өдөр тутамдаа өмсөх зориулалтаар чанар үзэмжийг нь сайжруулж, үйлдвэрлэж эхэлснээр эрэлт ихэссэн байна. "Ургана ноос" цех гэхэд хот хөдөөгийн захиалагчдынх нь тоо өсөж эрэлт ихэссэн. Өнөөдрийн байдлаар 130 гаруй хавар, намрын эсгий, хос шаахай борлуулаад буй. Тус цехийн шаахай зах зээлд 25-55 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
Мөн
Улиастай, Ургамал сумын хатаасан мах, борц, даршилсан ногоо эрэлт ихтэй байгаа
аж. Учир нь цар тахлын хөл хорионы үеэр иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид
хүргэлтээр болон захиалгаар үйлчилгээг үзүүлж бүтээгдэхүүнээ борлуулсан байна.
Ташрамд
“Z-24” төслийн хүрээнд 24
сумын жижиг үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүтээгдэхүүнүүдийг өнгөрсөн хавар, өвөл
олон нийтэд танилцуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Сүүлийн дөрвөн жилийн
хугацаанд 24 суманд 100 гаруй жижиг үйлдвэр тус аймагт байгуулагджээ. Сум бүр
брэнд бүтээгдэхүүнтэй болж, гадаад, дотоодын зах зээлд борлуулах зорилгоор
"Z 24" төсөл амжилттай хэрэгжиж байна. 2020 оноос "Монголын
экспорт, импортыг дэмжих төв"-тэй хамтран ажилласан нь үр дүнгээ өгч
байна. Давхардсан тоогоор 24 сумын 400 гаруй иргэн ажилтай орлоготой болоод буй
тухай аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээлэв.