Тосонцэнгэл суманд коронавирусний халдвартай иргэн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-18 22:38:22

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Тосонцэнгэл суманд коронавирусний халдвар авсан нэг иргэн нас барлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тосонцэнгэл сумын эмнэлэгт 16-ны өдөр хатгалгаа оноштойгоор хандсан иргэн болон түүний гэр бүлийн хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан тул Архангай аймаг руу сорьцыг тээвэрлэн шинжлүүлэхэд эерэг хариу гарсан байна.

Дээрх хоёр иргэний нэг нь сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчлүүлж байгаад нас барлаа. Дээрх иргэд ойрын хугацаанд халдвартай бүс рүү зорчоогүй бөгөөд голомт нь тодорхойгүй байна. Тосонцэнгэл сумын Онцгой комисс хуралдаж дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас 21-ний өдрийн 12:00 цаг хүртэл 72 цагийн хугацаатай ТЭГ зогсолтыг хийгээд байна. Яг одоо тус суманд нөхцөл байдал маш хүнд, үүсээд байгаа асуудалтай холбогдуулан аймгийн Шуурхай штаб 23:00 цагт хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргана” гэв.

Ташрамд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Ховд аймаг руу тээвэрлэсэн Завхан аймгийн иргэдийн PCR шинжилгээний хариу 22:05 цагийн байдлаар хараахан гараагүй байна. Тосонцэнгэл суманд ТЭГ зогсолтын хугацаанд голомтыг тодруулах, маршрутыг гаргах, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоох. Түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа талаар Тосонцэнгэл сумын Онцгой комиссоос мэдээлэв.

Related news