“Рио-2016”-д хүч үзэх монгол жүдочид мэдүүлгээ илгээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-23 10:22:00

Монголын жүдо бөхийн холбоо "Рио-2016" олимпийн наадамд хүчээ сорих жүдочдын нэрсийг албан ёсоор баталгаажуулж МҮОХ-нд эцсийн байдлаар мэдүүлгээ илгээгээд байна.

 Риогийн татамид гарах Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулахад: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар, 66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-д Ганбаатарын Одбаяр, 81 кг-д Отгонбаатарын Ууганбаатар, 90 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар, -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, +100 кг-д Баттулгын Тэмүүлэн нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг, 52 кг-д Адъяасамбуугийн Цолмон, 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа, 63 кг-д Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, 70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, -78 кг-д Пүрэвжаргалын Лхамдэгд тус тус ур хүч, ур чадвараа сорих юм.

"Рио-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багийг урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 27-нд зарласан билээ. Энэ үеэр МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга "Риогийн олимпийн наадам 100 хоног үлдлээ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шигшээ багийн тамирчдаа олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд жигд оролцуулж ирсний үр дүнд жин тус бүр 2-5 жүдоч дэлхийн чансаанд бичигдээд байна. Өнөөдөр бид олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлах гэж байна. Харин олимп хүртэл хугацаа байгаа, тамирчин хүнд юу ч тохиолдож болох учир хоёр номерын тамирчдад боломж байгаа" гэдгийг  онцлон мэдэгдэж байсан юм.

Д.Өлзий

Related news