Үндсэн хууль тогтоогчид сонгогчиддоо захидал илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-23 11:03:11

1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль батлахад Дундговь аймгаас гар бие оролцсон депутатууд төрөлх нутгийнхаа сонгогчдод захидал илгээжээ. Энэ захидалд,  шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш болох гэж буй төрийн эрх барих болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгох долоо дахь удаагийн энэ сонгуульдаа идэвхитэй оролцож, орон нутагт сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө мэдлэг чадвар туршлагатай, хариуцлага ёс зүйтэй, зөв төлөвшсөн хүнд итгэл өвөрлүүлэхийг уриалжээ.

Үндсэн хууль тогтоогчдын холбооны Дундговь аймгийн салбар зөвлөл 2013 оны наймдугаар сард аймгийн ИТХ- ын дарга болон аймгийн Засаг даргад захидал илгээсэн байдаг. Түүнд, нам, эвслийн нэр барин талцаж, төрийн ажлыг цалгардуулалгүй, аймгийн нийтлэг эрх ашгийг дээдлэн ажиллахыг санал болгож байсан. Гэтэл уг захидалд ач холбогдол өгч, ямар нэгэн өөрчлөлтийг хийлгүй байсаар байна гэж үзээд  2014 оны 4 дүгээр сард аймгийн ИТХ-ын даргад дахин сонордуулга илгээсэн байна. Сонордуулгад, аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгч төрж өсч, ажиллаж амьдарч буй нутаг орныхоо төлөө хуулийн хүрээнд ямар ч санаачлага гаргахгүй байгаа, цаашид ч хуулиар ногдсон үүргээ биелүүлэх боломж тун хомс байгааг сануулаад ИТХ-ын хуралдааныг зарлан хуралдуулж бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа талаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсч байжээ.

Санал, зөвлөгөөнд нь ач холбогдол өгч, нааштай алхам хийлгүй явсаар өдийг хүрсэн гэдгийг Үндсэн хууль тогтоочид захидалдаа тодотгоод, бүрэн эрхийнхээ хугацаанд аймгийн ИТХ 14 удаа хуралдсан гэх боловч бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг ч удаа хуралдаагүй нь олон сөрөг үр дагавар үүсгэснийг дурьдсан байна. Тухайлбал, төсвийн хуваарилалтыг дур зоргоороо өөрчилсөн, намаараа талцаж хэт улс төржин, зарим төлөөлөгч сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлж урваж шарвасан, төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчсөн томилгоог удаа дараа хийж, төрийн албаны дархлааг сулруулсан, тэр ч байтугай шүүхийн албан ёсны тогтоол шийдвэрийг үл хэрэгсэн зоргоор авирласан, нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэгч гол хүчин болсон иргэдийнхээ оролцоог орхигдуулж, намынхаа асуудлыг аймаг орон нутаг, иргэд олны нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан зэрэг олон зүй бус үйлдэл амь бөх оршсоор ирснийг захидалдаа тэмдэглэжээ.

Тиймээс одоо сонгогч бүр энэ байдлыг давтахгүйн тулд  дор бүрнээ ухаалаг, нухацтай, зөв сонголт хийе. Аймаг орон нутаг маань хөгжилтэй, ард иргэд нь ажил үйлдвэрлэлээ үр ашигтай эрхэлж, эрүүл саруул, төрдөө итгэх итгэлтэй сэтгэл хангалуун аж төрөх нөхцлийг бүрдүүлж өгч чадах зүрх сэтгэлтэй, мэдлэг, чадвар, туршлагатай, улс төрийн өндөр соёлтой хүнд  итгэл өвөрлүүлэхийг уриалж байна гэжээ.

1992 онд Дундговийн ард түмнийг төлөөлж 17 депутат шинэ Үндсэн хуулиа батлалцаж байсан бөгөөд өдгөө энх тунх аж төрж буй 15 депутат энэхүү захидлыг аймгийнхаа ард иргэдэд ийнхүү илгээсэн байна.  

Т. Отгонтуяа

 

 

Related news