Олимпизмийг дэмжиж МҮОХ-той Скайтел групп түншлэлийн гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-23 15:51:57

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны байранд Скайтел групп уламжлал ёсоороо “Рио-2016” зуны 31 дүгээр олимпийн наадамд МҮОХ-той хамтран ажиллах түншлэлийн гэрээг албан ёсоор үзэглэв.

Энэхүү түүхэн гэрээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн,  Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор, Скайтел группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгч Б.Батболд нар гарын үсэг зурлаа.  

Скайтел группийн энэ гэрээ нь "Рио-2016" зуны олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг дэмжин ажиллахаар МҮОХ-той хамтран ажиллах санамж бичиг юм. Скайтел групп нь мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч үндэсний компанийн хувьд олимпизмийг дэмжиж, бүх нийтийн эрүүл мэндийн хөгжилд чиглэсэн дотоодын болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийдэг билээ. Тухайлбал, 2012 онд МҮОХ-ны Алтан түнш болж, Лондонгийн Олимпийн наадамд оролцсон тамирчдаа дэмжиж “Амжилтын буухиа” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байв.

Энэ үеэр Скайтел группийн гүйцэтгэх захирал Д.Болор "Бид МҮОХ-той хамтын ажиллагааны түншлэлийн гэрээг байгуулж, "Рио-2016" зуны олимпийн Алтан түншээр ажиллах болсондоо таатай байна. Скайтел групп нь олимпизмийг дэмжих, Монгол Улсад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийг нийгмийн хариуцлагын гол чиглэл болгодог. Тухайлбал, 2012 оны Олимпийн үеэр манай компани нь МҮОХ-той амжилттай хамтарч ажилласан. Ийнхүү өнөөдрөөс эхлэн Риогийн олимпийн наадамд оролцож байгаа оролцогчдоо дэмжих том хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд "Рио-2016” зуны олимпийн наадмыг шууд дамжуулах МҮОНТВ-ийн Алтан түншээр ажиллаж байгаа. МҮОХ-той олимпизмийг дэмжих хамтарсан хөтөлбөр хэрэгжиж, “Рио-2016”-д амжилт гарган медальт байрт шалгарсан бүх тамирчинд 9000 серийн алтан дугаар, Монголдоо дараа төлбөрт үйлчилгээг 4 жил ашиглах эрх, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ухаалаг rap утасны дээжийн хамт олгох юм. Мөн "Рио-2016" олимпийн наадамд зориулан "Олимпийг өнгөлье" тусгай цэнэглэгч картуудыг худалдаанд гаргаж, улмаар Монголын баг тамирчдад санхүүгийн нэмэлт дэмжлэг үзүүлэх болно. Энэ жилийн хувьд "Рио-2016" зуны олимпийн наадамд манай улсаас одоогийн байдлаар 40 гаруй тамирчид оролцох эрхээ авчихсан байна. Энэ тамирчид өмнөх олимпийн наадамд гаргасан амжилтаа хол давуулна гэдэгт бид итгэлтэй байна" гэв.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн "Өнөөдөр "Олон улсын олимпийн өдөр" тохиож байна. Энэ түүхт өдөр Скайтел групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус групп нь олимпийн наадмаас гадна спортын олон холбоог дэмжиж ажилладаг хамт олон юм. Уламжлал ёсоороо хамтын ажиллагааны гэрээг байгуулж байгаад их баяртай байна" хэмээн онцлов.

Д.Өлзий

Related news