Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-19 11:38:03

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн Казахстан Улсын Астана хотод наймдугаар сарын 21-25-нд болно.


Энэхүү тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Жилд 9-13 удаа болдог Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн нь зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансааг олгодог аж.  


Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байна. Уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадвал “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэх юм.


Ташрамд дурдахад, Т.Мөнхдэмбэрэл “Парис-2024” зуны Паралимпын эрхийн оноо олгох дэлхийн цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд мөнгө, дэлхийн сорилго буюу цуврал тэмцээнд ВС-1 ангилалд мөнгөн медаль хүртжээ.

Related news