Цар тахлыг даван туулахад зориулж иргэд хандив өгсөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-02 17:11:42

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комисст “Малчин” ХХК-ийн Завхан аймаг дахь салбараас 1.8 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хандивлажээ.

-Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг зогсоох үйл ажиллагаанд болон голомтод ажиллаж буй алба хаагч нарт иргэд байгууллага аж ахуйн нэгжүүд сайн дураар хандив өргөсөөр байна. Тухайлбал Малчин ХХК-ийн Завхан аймаг дахь салбараас 1.8 сая төгрөгийн өртөг бүхий 75 литрийн багтаамжтай. Хоёр тасалгаатай, 12в, 24в, 220в-оор ажилладаг. Доргионы хамгаалалттай, LG брэндийн мотортой хөлдөөгчийг хандивлалаа. Мөн “Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг”-ээс 6000 ширхэг амны хаалтыг хандивлаад байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

 

Эрүүл мэндийн төвдөө автомашин хандивлажээ

Завханы Идэр сумын Эрүүл мэндийн төвд нутгийн иргэд хандив цуглуулж, фургон автомашиныг гардуулан өгчээ.

Улаанбаатар хот болон бусад аймаг сумдад ажиллаж амьдарч буй тус сумын иргэдээс цар тахлын халдварын голомтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх хандивын аяныг өрнүүлжээ. Ийнхүү хандиваар цугларсан 43 сая төгрөгөөр Эрүүл мэндийн төвд нутгийн ахан дүүсийнхээ хандиваар цугласан 43.0 сая төгрөгөөр УАЗ Фургон автомашиныг авч хүлээлгэн өгчээ. Хандивын аян дуусаагүй бөгөөд хандивт цугларч буй төгрөгөөр цар тахлаас урьдчилан сэргийлэх оношлуур, хамгаалах хувцас, эм бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажээ. Ташрамд тус суманд өнөөдрийн байдлаар коронавирусний батлагдсан халдварын тоо 20-д хүрчээ. Харин сүүлийн 24 цагт нэмж хоёр халдвар бүртгэгдээд буй.

35 сая төгрөгийг сумын Онцгой комисст хандивлажээ

Дөрвөлжин сумын иргэдээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, даван туулахад зориулж сумынхаа Онцгой комисст нийт 35 сая төгрөгийн хандивыг өгчээ.

Тус суманд анх зургаадугаар сарын 15-нд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснээс хойш өнөөдрийг хүртэл 235 тохиолдол батлагдаад буй. Тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болон нутгийн харьяат залуучууд нэгдэн "Төрөлх нутгаа ковидоос хамгаалъя" хандивын аяныг өрнүүлж хоёр удаагийн live тоглолт хийжээ. Хандиваар цугларсан 25 сая төгрөг нь бэлэн мөнгө, 10 гаруй сая төгрөгийн эмчилгээний зүйлс цугларчээ. Мөн сумын сургуулийн үе үеийн төгсөгчид анги хамт олноороо, ах дүүсээрээ, сумын удирдах алба эрхэлж байсан иргэд үр хүүхдүүдтэйгээ нийлж хандив өргөснөөс гадна сумын малчид хонь, ямаа, сүү, тараг гээд чадах бүхнээрээ тусалж байна. Хандивын аяныг зохион байгуулагчид цугларсан мөнгөөрөө сумын Засаг дарга болон сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагын саналыг үндэслэн сумын эмнэлэгт зориулан Ниссан маркийн автомашиныг авч гардуулан өгчээ. Хандивын аянд цугларсан амны хаалт, оношилгооны эд зүйлс, ариутгалын бодис, зарим шаардлагатай аппарат хэрэгслийг сумын Онцгой комисст аяныг санаачлагчид гардуулан өгөөд байгаа гэж тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news