Хог хаягдлыг бууруулах чиглэлээр аймгийн ИТХ-аас уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-06 19:43:12

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдаж байгаа аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 5 дугаар хуралдаанаар Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах асуудлыг аймгийн БОАЖГ-аас оруулж, батлууллаа.

   Энэ хүрээнд Увс аймгийн нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан уриалгыг аймгийн ИТХ-аас гаргасан юм. Тодруулбал, 2020 оны статистик мэдээнээс харахад Увс аймгийн хэмжээнд жилдээ 72.7 тн энгийн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, булшилж байгаа аж. Үүнээс 28.4 тн хог хаягдал нь дахин боловсруулах боломжтой шил, лааз, төмөр, яс гэх мэт дахивар нөөц бүтээгдэхүүн байна. Иймээс эдгээр дахивар нөөцөө ангилан ялгаж, боловсруулах үйлдвэрт нийлүүлснээр хог хаягдлын хэмжээг 40 орчим хувиар бууруулах боломжтой гэж үзээд аймгийн ИТХ-аас ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж Увсын цэнхэр хязгаар нутгаа онгон дагшинаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд зориулалтын бус газарт хог хаягдал хаяхгүй байя, хогоо ангилан ялгаж дахивар авах цэгт хүргэе гэсэн уриалгыг гаргалаа.

   Мөн хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн байгууллагуудыг олноор бий болгож, бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг зарим төлөөлөгчид хөндсөн юм. Одоогоор Улаангом суманд иргэн н.Алтанзул хуванцар сав, лааз цуглуулах ажлыг хийж байгаа аж. Тэрчлэн бүх төрлийн шил цуглуулах ажлыг эхлүүлэхээр болсныг аймгийн БОАЖГ-аас танилцуулсан юм. Цаашид дахивар бүтээгдэхүүнийг ангилан ялгах, цуглуулах ажлыг сум бүрт хийж, хоггүй Увс болох нь зүйтэй гэдэг саналыг төлөөлөгчид хэллээ.

 

Related news