Л.Оюун-Эрдэнэ: Танхимаар хичээллэхгүй бол нөхөж чадахгүй боловсролын хоцрогдолд орох эрсдэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2021-08-13 17:45:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 14, 75 дугаар сургууль болон 146 дугаар цэцэрлэгийн ажилтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нараас зарим зүйлийг тодрууллаа.


-Энэ жил боловсролын салбар олон шинэ ажил эхлүүлсэн байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан гэж та харж байна?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Есдүгээр сарын 1 бол ердийн үед БШУЯ- ны л гол ажил байдаг. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас танхимын сургалт явагдаагүй. Харин энэ жил танхимын сургалтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тийм учраас энэ бол зөвхөн яамны ажил биш, Монгол Улсын Засгийн газрын асуудал. Дэлхий нийт ч энэ хичээлийн жилд ийм сорилттой тулж байна. Монгол улс вакцинжуулалтын явцаар эхний 10 улсын нэг болж, хүн амын 60-аас дээш хувийг дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Мөн 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалт байгаа бөгөөд 80-аас хувьтай явж байна. Багш нар болон боловсролын салбарын ажилчдын вакцинжуулалт бас өндөр хувьтай байна. Энэ амжилтдаа үндэслээд бид бүхэн 2 жилийн дараа танхимын сургалтаа эхлүүлэх томоохон шийдвэрийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. 


Энэ удаагийн хичээлийн шинэ жил хэд хэдэн үйл явдлаар онцлог байна. Нэгдүгээрт, цар тахлын амаргүй сорилтон дунд бид бүхэн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа боловсролын хоцрогдлыг арилгах томоохон зорилт тавьж байна. Эцэг эхчүүд, иргэд Засгийн газар, БШУЯ-тай нягт хамтарч ажиллаж байж ард нь гарах юм. Тийм учраас эцэг эхчүүд үүнд туйлын анхааралтай хандах хэрэгтэй. 


Хоёрдугаарт, есдүгээр сарын 1 дөхөөд ирэхээр нийслэлийн хэмжээнд оргил ачаалалтай үе байдаг. Тийм учраас мэдээж халдварын тохиолдол нэмэгдэх, хөдөлгөөний нягтрал ихсэх зэрэг асуудал үүснэ. Үүнд тулгуурлан 5:9 гэсэн стратегиар Улаанбаатар хотод танхимын болон зайны сургалт тодорхой хэмжээнд явж, эрсдэл багатай даван туулах бодлого руу шилжээд явж байгаа. БШУЯ болон ЭМЯ-ны хамтарсан ажлын баг нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж байна. 


Өөр нэг онцлог бол Засгийн газрын томоохон зорилт биелж, ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэдгийг байхгүй болгож анх удаа хоёр ээлжээр орно.  Мөн “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болж байгаа. Өмнө нь нэг хүүхдэд 900 төгрөг зарцуулдаг байсан бол одоо 1500 төгрөг болж өдрийн хоолтой болно. Энэ хөтөлбөрыг туйлын чухал гэж олон улсын судлаачдын үздэг. Учир нь хүүхэд илүү тухтай байж, хичээл сургуульдаа илүү анхаардаг. Олон жилийн дунджаар бие бялдрын өсөлт хөгжилд нь ч нөлөө үзүүлдэг том хөтөлбөр. Үүнийг хийж байгаа мөн эхний жил болж байна. Мөн 5 настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна.


-Боловсролын салбарт Засгийн газрын томоохон хэмжээний реформ хийнэ гэдгээ Ерөнхий сайд зарлаж байсан. Энэ ажил эхэлсэн үү?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ асуудлыг Ерөнхий сайдын хувьд зарлаж, Боловсролын багц хуулийн төслийг УИХ-д өргөн бариад явж байгаа. Цаашдаа бид 12 жилийн сургалтыг орон даяар зохион байгуулж, хот хөдөөгийн ялгаа байхгүй болгох, сургууль болон цэцэрлэгийг нэгдсэн стандартад оруулах томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа. Их, дээд сургуулиудыг нэгтгэж, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилт ч тавьсан. Монгол хэл, түүх, өв соёл дээр Монгол стандарт гаргах том зорилтыг дэвшүүлээд явж байна. Энэ бүх зүйл дээр иргэдтэй хамтран ажиллаж, ирэх 3 жилд боловсролын салбарт олон улсын стандартад нийцсэн том хэмжээний  реформ хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэ агуулгаараа энэ хичээлийн жил чухал юм. 


Боловсролын багц хуулийн төслийн ажлын багууд ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Дахин хэлэхэд цар тахлын ер бусын цаг хугацааг хамтдаа хүн төрөлхтөн даван туулж байна. Хамгийн хамгийн их хохирол үзэж байгаа салбар бол боловсролын салбар. Дэлхийн олон танхимын сургалт эхлүүлж хоёр жилийг үдлээ. Вакцинжуулалт сайн байгаа улсууд ч хамгийн түрүүнд боловсролын салбараа нээх бодлого барьж байгаа. Бидний хувьд ч гэсэн энэ бодлого, шийдэл рүү орж байна.


-Цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй эрсдэлтэй нөхцөлд хичээл эхэлж байна?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах ёстой бөгөөд вакцинжуулалтдаа тайвшрахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, вакцин хийлгээгүй цэцэрлэгийн насны хүүхдүүд, бага ангийн эцэг эхчүүдтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүснэ. Үүнд төр засаг чадах бүх зүйлээ хийнэ. Мэргэжлийн байгууллагууд, эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, 50:50 хувийн хичээл зүтгэлээр боловсролын хоцрогдлоо нөхөж чадсан улс болох ёстой юм. Энэ жил бид танхимаар хичээллүүлэхгүй гэвэл нэг бүтэн үе хэзээ ч нөхөж чадахгүй боловсролын хоцрогдолд орох том хэмжээний эрсдэлтэй байгаа. НҮБ болон бусад байгууллага бидэнд зөвлөж ажиллаж байна. Тийм учраас эрсдэлтэй ч гэсэн бидний хувьд зоригтой алхам хийж, цар тахалтай илүү дасан зохицож, сөрж, анхаарал болгоомжтой байж боловсролын салбар болон эдийн засаг, нийгмийн салбарт гацсан, хоцорсон асуудлуудаа нөхөж авах стратегийн шилжилт рүү Засгийн газар орж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


-БШУ-ны сайд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахын тулд цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах санаачилга гаргасан. Энэ талаар?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраа байгуулаад Ерөнхий сайдын хувьд УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ би 4 тодорхой зорилтыг дэвшүүлсэн. Эдгээрийн нэг нь бол Улаанбаатар хотын түгжрэл. Өөрөөр хэлбэл, хүн амын 50 хувь нь амьдарч буй их хотын асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргад даатгаад орхиж болохгүй. Тиймээс Улаанбаатар хотын удирдлагуудтай сар бүр хамтарсан хуралдаан хийж  байгаа. Нийслэлийн түгжрэл бол эрүүл мэнд, боловсрол, худалдаа, зам тээвэр, нийтийн тээвэр, эдийн засаг гээд олон зүйлээс шалтгаалж байгаа тул салбарын сайд нар хувь нэмрээ оруулах цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. БШУ-ны сайд хамгийн түрүүнд зөв манлайллыг эхлүүлсэн. Энэ жил туршилтаар  30 цэцэрлэгт ээлжийн багшийг 07.00-20.00 цагт  хүртэл цагийг ажиллуулна. Өөрөөр хэлбэл, 07.30 хүртэл бүгдээрээ нэг цагт хүүхдээ хүргэж өгдөг байсан бол одоо эрт ажилтай гэр бүл 30 минутын өмнө хүүхдээ хүргэж өгч болно. Орой 17.30 цагт бүгд хүүхдээ авах гээд цугладаг байсан бол одоо 20.00 цаг хүртэл цэцэрлэг ажиллана гэсэн үг. Мэдээж энд хүүхэд хэт урт хугацаанд цэцэрлэг дээр байгаад байх юм биш үү гэсэн асуудал гарч байгаа. Үүнийг цэцэрлэг нь зохицуулна. Эрт өгсөн бол илүү эрт авах, орой өгсөн бол илүү орой авах гэхчлэн зохицуулалтыг хийнэ. Энэ удаа түгжрэл хамгийн өндөр 30 цэцэрлэгийг туршилтын байдлаар сонгож байгаа. Энэ хэрэв амжилттай болвол Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх асуудлыг ирэх жилийн улсын төсөвт тусгаж шийдэх юм.


-Нийслэлийн түгжрэлийг бууруулах иргэн, аж ахуйн нэгжийн санал санаачилгыг Засгийн газар хэрхэн дэмжиж байна вэ?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах Засгийн газрын бодлогыг дэмжсэн байгууллага, хамт олныг бид урамшуулна. Жишээ нь, татварын шаталсан бодлого барина. Компанийн төв оффислл Улаанбаатар хотоос гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжинэ. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа боловсон хүчнүүддээ нэмэлт тэтгэлэг өгөх гэх мэт. Ийм байдлаар иргэн, аж ахуйн нэгж бүр, төр засгийн байгууллагууд хамтарч байж хотын түгжрэлийг шийднэ үү гэхээс биш одоогийн хурдаараа яваад гүйцэхгүй. Нийслэлийн иргэд жил бүр 30 мянга орчим машин шинээр худалдан авч байгаа. Гэтэл Улаанбаатар хот жил бүхэн 5000-6000 машины түгжрэлийг шийдэх хэмжээний ажил хэрэгжүүлж байна.


Энэ сард  “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Хөшигийн хөндий хоёр дахь Улаанбаатар болж амилна гэсэн үг. Тиймээс худалдааны логистик төвүүд тийшээ цогц байдлаар гарах, орон сууцны хороолол бий болгох боломжтой. Ирэх жилийн улсын төсөвт дэд бүтэцтэй холбоотой асуудлыг иж бүрэн шийдвэрлэнэ. Тэнд гарч байгаа аж ахуйн нэгжид Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгох гэхчлэн цогц байдлаар Засгийн газар дэмжинэ. 


Ер нь ийм байдлаар бид бүхэн нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтыг дэвшүүлж байгаагийн нэг санаачлагатай алхмыг БШУЯ-ны хамт олон гаргалаа.


- “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгож өөрчилж байгаа. Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиуд стандартын шаардлага хангасан гал тогоотой болох ёстой. Үүнийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ? 


-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: УИХ-аас баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Үндсэндээ энэ жилийн есдүгээр сарын 1-нээс 1-5 дугаар ангийн 383 000 хүүхэд суургульдаа үдийн хоол идэх боломжийг бүрдүүлэх ёстой. Тодорхой эрсдлүүд бас байна. Тухайлбал, нийслэлийн төрийн өмчит бүх сургуулийн 80 орчим хувь нь түрээсийн гал тогоотой. Иргэдийн дунд нэг “Үдийн цай” хөтөлбөр сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын хамгийн том бизнес боллоо гэж шүүмжилдэг. Энэ бол бодитой шүүмжлэл мөн. Тийм учраас төр үе шаттайгаар төрийн өмчит сургуулиудын гал тогоог өөртөө авна. Хүүхдүүдэд 900 төгрөгийн үдийн цай өгч байсан бол 1500 төгрөг болно. Өмнө нь 900 төгрөг байхад 400 төгрөг нь түрээслэгч ААН-ийн орлого болдог гэсэн тооцоо байгаа. Үндсэндээ 900 төгрөгөөс 500 нь л тэр хүүхдэд оногдож байна гэсэн үг. 1500 төгрөгөөр яг тухайн хүүхдийн бие бялдрын онцлог, хөгжил, биеийн хэрэгцээнд шаардсан калори, ислэгийн стандарт хангасан хоолыг өгөх бүрэн боломж байна гэж харж байгаа юм. Энэ жил улсын төсвоос 47 тэрбум орчим санхүүжилтийг шийдвэрлэж байгаа. Засгийн газрын шийдвэр гарч нийт 21 аймаг, 9 дүүргийн хүрээнд боловсролын газрууд хоол зүйч ажиллуулна. Цаашид 680 төрийн өмчит сургуульд хоол зүйч ажиллуулах зайлшгүй шаардлага байна. Яагаад гэвэл хүүхдийн хоол эрүүл, чанартай байх ёстой. Тиймээс үүний хяналтыг хийх хүмүүс бол хоол зүйчид. Хоол зүйч нь мэргэжил, ур чадвар шаардсан ажил учраас нийгмийн ажилтан юмуу сургуулийн эмч давхар хийх боломжгүй. Энэ жил 1-5 дугаар ангийн хүүхдүүд, ирэх жил 5-9 дүгээр ангийн хүүхдүүд, 2023 оноос 10-12 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах юм. “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болж байгаа нь нийгэмд маш чухал өөрчлөлт авчрах, үр дүнгээ өгөх хөтөлбөр.


-Цэцэрлэгүүдэд ээлжийн багш ажиллуулах тухай хуулийн заалт байдаг ч өмнө нь хэрэгжүүлж байгаагүй?


-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Төрийн үйлчилгээний салбарын 50 хувь орчим буюу 90 000 орчим хүн боловсролын салбарт ажиллаж байгаа. Цаашид төрийн бүх үйлчилгээг төр өөр дээрээ данхайлгана гэдэг эрсдэлтэй зүйл. Төрд ачаалал багатай, хөрөнгө оруулалтын өгөөж сайтай, хүний нөөцийн зөв бодлого явуулах ёстой. Ер нь бол хамгийн их ачаалал авдаг нь  цэцэрлэгийн болон бага ангийн багш нар. Хэдийгээр ээлжийн багш ажиллуулах хуулийн зохицуулалттай ч гэсэн төсөв мөнгөний боломжоос хамаараад бид өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй. Ээлжийн багш ажиллуулах нь ганцхан сургуулийн өмнөх боловсролын ачааллыг бууруулах асуудал биш. Өнөөдөр нийслэлийн түгжрэлийн 25-30 хувийг хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж буй эцэг эхчүүд үүсгэдэг. Тиймээс хамгийн их түгжирдэг 30 цэцэрлэгийн 60 ангид ээлжийн багш авч, өглөө хүүхдээ эрт өгөх боломжийг эцэг эхчүүдэд олгож байгаа юм. Ингэснээр хотын түгжрэлээс гадна өдөрт хамгийн багадаа 10-11 цаг ажилладаг багш нарын ачаалал буурна.


Энэ жил манай СӨБ-ын хичээлийн шинэ жилийн хэд хэдэн онцлог байгаа. Нэгдүгээрт, 5 настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй 20 000-30 000 хүүхэд байдаг. Сургуулийн нэгдүгээр ангид 70 000-80 000 хүүхэд ороход 20-30 хувь нь хоцрогдолтой байна гэсэн үг. Анги өгсөх тусмаа хоцрогдол үүсдэг. Өнөөгийн боловсолын салбарын хоцрогдол зөвхөн коронавирустэй холбоогүй бөгөөд өмнө нь ч байсан. Тиймээс 5 настай хүүхдүүдээ 100 хувь хамруулна.


-Нэгдүгээр ангид орж буй сурагчдад үнэлгээ хийнэ гэсэн?


-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Энэ жил нэгдүгээр ангид орсон бүх хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлнэ. Энэ бол шалгалт биш учраас дүн тавихгүй. Танай хүүхэд өнөөдөр 5 насандаа эзэмших ёстой бие бялдрын, оюун ухааны, танин мэдэхүйн болон нийгэмших чадварын алийг нь эзэмшсэн байна, алинд нь хоцрогдсон байна, алинд нь илүү түлхүү сургалт хийх вэ гэдэг гарааны оношилгоо. Энэ бол маш том ажил. Түүнчлэн бид сургуулиудад сэтгэл зүйчдийг ажиллуулах том ажлыг энэ жилээс эхэлж байна. “КОВИД-19”-ийн үед 2 жил танхимаар хичээллээгүй тул эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдийн дунд маш их стресс, бухимдал, сэтгэл зүйн дарамтууд, айдас хүйдэс үүссэн байна гэдэг нь судалгаанаас харагдаж байгаа. Энэ хичээлийн жилээс 60 сургуульд сэтгэл зүйч ажиллуулна. Цаашид төрийн өмчит бүх сургуулиудад сэтгэл зүйчийг ажиллуулах боломжоор нь хангана гэж төлөвлөж байна.


Р.Батхишиг

Related news