Дэниел Крейг Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-08-20 12:42:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. Холливудын хамгийн их ашиг орлоготой жүжигчдийн жагсаалтыг энэ жил Английн жүжигчин Дэниел Крейг тэргүүлжээ.


“Variety” сэтгүүлд мэдээлснээр, Крейг “Knives Out” (2019) киноны үргэлжлэлээр 100 сая гаруй ам.доллар олсон байна. Хоёр киноны эрхийг худалдаж авсан стримингийн үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани уг детектив киноны  үргэлжлэлийг зөвхөн кино театрт үзүүлсэн тохиолдолд авах байсан төлбөрийг жүжигчинд нөхөн олгосон ажээ.


Жагсаалтын хоёрдугаарт, Дуэйн Жонсон орсон байна. “Amazon Studios” компанийн бүтээж буй "Red One" инээдмийн кинонд тоглосны дараа түүний дансанд 50 сая ам.доллар оржээ. 


Жагсаалтын гуравдугаарт, Уилл Смит, Дэнзел Вашингтон нар 40 сая ам.доллароор бичигдиж байна. Уилл Смит “King Richard” (2021) кинонд теннисчин Винус болон Серена Уильямс нарын эцгийн дүрд тоглож, харин Дэнзел Вашингтон “The Little Things” (2021) киноноос ийм хэмжээний орлого олжээ. Америкийн жүжигчин Леонардо Ди Каприо “Don't Look Up” (2021) инээдмийн кинонд тоглож, 30 сая ам.доллар олсон бол “Spenser Confidential” (2020) инээдмийн кинонд тоглосон Марк Уолберг мөн ийм хэмжээний цалин авсан байна. 


Жүжигчин Женнифер Лоуренс, Жулиа Робертс нар “Don't Look Up”, " Leave the World Behind" кинонд тоглож тус бүр 25 сая ам.доллар авсан байна. Жүжигчин Сандра Буллокийн “Lost City D” (2022) кинонд тоглосны цалин нь 20 сая ам.доллар бөгөөд Райан Гослинг (The Gray Man, 2022), Крис Хемсворт (Thor: Love and Thunder, 2022), Брэд Питт (Bullet Train, 2022) нар бас ийм хэмжээний орлого олжээ.


Жагсаалтад мөн Майкл Б. Жордан, Том Круз, Киану Ривз, Крис Пайн, Роберт Паттинсон нар багтсан байна. 


Related news