Манай жүдочид 4 алтан медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-02 08:16:28

Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн энэ сарын 1-нд Буянт-Ухаа спортын ордонд эхэлж, эхний өдөр манай жүдочид 4 алтан медаль хүртлээ.

Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/, Монголын жүдо бөхийн холбоо, ЭМСЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азербайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 жүдоч өрсөлдөж байна.

Баасан гарагт эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Энэ өдөр Японы багаас нэг аварга төрлөө. Эрэгтэй 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин түрүүлж, хоёр жил дараалан тус тэмцээнд аваргалав.

Мөн эмэгтэй 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар аваргын төлөө тунаж үлдсэн. Хоёр бөх он гараад гурван удаа таарахад Г.Отгонцэцэг бүгдэд нь хожсон бол энэ удаа М.Уранцэцэг өрсөлдөгчөө хожиж алтан медаль хүртэв.

Тэмцээний медальтнуудыг танилцуулахад, Эрэгтэйчүүдийн 60 кг-д \10 бөх\ алт Д.Амартүвшин, мөнгө Н.Сэр-Од, хүрэл медалийг Д.Баярмагнай, Д.Маммадсоя \Азербайжан\ нар тус тус хүртлээ. 66 кг-д \9 бөх\ алт Д.Алтансүх мөнгө А.Батсуурь, хүрэл медалийг А.Жереб \Словени\, Асхат Телманов \Казахстан\ тус тус хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д \10 бөх\ М.Уранцэцэг алт, Г.Отгонцэцэг \Казахстан\ мөнгө, Б.Хорлоо, Ю.Моризаки \Япон\ нар хүрэл медалийн эзэд боллоо.

Харин 52 кг-д \11 бөх\ Мако Үчио \Япон, 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл\ алтан медаль, мөнгөн медалийг Ч.Аззаяа, хүрэл медалийг Б.Бат-Эрдэнэ, Т.Сикич \Хорват\ нар тус тус хүртлээ.

Монголын 17 настай жүдоч Л.Энхрийлэн 57 кг-д \11 бөх\ алтан медалийн эзэн болж мөнгөн медалийг М.Ишикава \Япон, 2013 оны Азийн аварга\, хүрэл медалийг Ким Минжу \БНСУ\, А.Лески \Словени\ нар хүртэв. 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр \07.02\ эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Мөн энэ өдөр тэмцээний нээлтийн ажиллагаа 16 цагт болно.

Д.Өлзий

Related news