“No Time to Die” эхний долоо хоногтоо 121 сая ам.долларын орлого олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-05 16:40:38

ЛОС-АНЖЕЛЕС. /Euronews/. James Bond” цувралын шинэ анги “No Time to Die” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 121 сая ам.долларын ашиг орлого оллоо гэж “Universal Pictures” компани даваа гарагт мэдээлжээ.


Түүнээс 35 сая ам.долларыг Их Британи, Ирландын зах зээлээс олоод буй нь коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш эдгээр оронд нээлтээ хийсэн хамгийн амжилттай кино, эхний гурван хоногтоо хамгийн их орлого олсон Бондын кино болжээ.  


Английн жүжигчин Дэниел Крейгийн хувьд нэрт тагнуулчийн дүрийг тав дахиа буюу хамгийн сүүлийн удаа бүтээсэн энэхүү киноны нээлтийг анх 2020 оны дөрөвдүгээр сард хийхээр товлоод байсан боловч цар тахлын улмаас гурван удаа хойшлуулсан юм.


Universal” компанийн мэдээлснээр, энэхүү кино нь 121 сая ам.долларыг дэлхийн киноны хамгийн том зах зээл болох Хятадад нээлтээ хийгээгүй байхдаа олжээ. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойш Хятадын зах зээлээс үл хамааран эхний долоо хоногтоо 100 саяас дээш ам.доллар олсон Холливудын анхны кино болжээ.


No Time to Die” Хятадад энэ сарын сүүлээр нээлтээ хийх юм. Мөн Хойд Америкийн кинотеатруудын дэлгэцнээ ч хараахан гарч эхлээгүй байгаа бөгөөд АНУ, Канадад баасан гаргаас үзэгчдийн хүртээл болно. “Universal” компани болон “MGM” студи энэхүү киногоо стриминг үйлчилгээгээр нэвтрүүлэхгүйгээр зөвхөн кинотеатрын дэлгэцээр үзүүлэхээр шийдвэрлэжээ.


Ойролцоогоор 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн адал явдалт төрөл жанрын “No Time to Die” нь кино шүүмжлэгчдээс таатай үнэлгээ аваад байна. 

Related news