А.Гранде “MTV VMAs” наадмын гол шагналыг хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-08 16:33:53

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 8 /AP/. АНУ-ын Нью-Йорк хотноо ням гаргийн орой болсон “MTV Video Music Awards” хөгжмийн наадмын /MTV VMAs/ гол шагнал болох “Оны шилдэг клип” шагналыг дуучин Ариана Гранде Brighter Days Ahead дуугаараа хүртжээ.


Шагнал гардуулах ёслолын хамгийн нэр хүндтэй шагналыг гардан авах үеэрээ сэтгэл нь ихэд хөдөлж буй 32 настай дуучин, ая зохиогч, жүжигчин А.Гранде “өөрийг нь асар ихээр хайрлаж, дэмждэг” шүтэн бишрэгчдэдээ гүн талархал илэрхийлсэн байна.


Харин дуучин Леди Гага “Оны шилдэг уран бүтээлч” шагналын төлөө Бэд Банни, Кендрик Ламар, Тейлор Свифт, The Weeknd зэрэг нэр хүндтэй уран бүтээлчидтэй өрсөлдөж ялсан байна. Өдгөө 39 настай Л.Гага шагналаа тайзан дээрээс гардан авахын тулд тоглолтоо зогсоожээ. Тэрбээр Бруно Марстай хамтран туурвисан “Die with a Smile” дуугаараа мөн “Оны шилдэг хамтрал” төрөлд шалгарсан байна.


Тэгвэл Өмнөд Солонгосын К-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг охидын хамтлаг болох “Blackpink”-ийн гишүүний хувиар олон нийтэд танигдсаныхаа дараа бие даан уран бүтээлээ туурвиж буй Рөүз мөн Бруно Марстай хамтарсан уран бүтээл болох “APTдуугаараа “Оны шилдэг дуу” шагналыг хүртжээ.



Харин “Оны шилдэг цомог” шагналыг Сабрина Карпентер Short n' Sweet” цомгоороо хүртсэн байна. Харин энэ оны Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр хамгийн олон буюу таван шагнал хүртсэн реппэр Кендрик Ламар олон номинацид нэр дэвшсэн боловч нэг ч шагнал хүртэж чадаагүй байна.

 


Related news