Энэтхэгийн эмч нар 12 настай хүүгийн духан дээр хамар ургуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-06 11:33:46

ШИНЭ-ДЕЛИ. /KAZINFORM/. Энэтхэгийн эмч нар 12 настай хүүгийн гэмтсэн хамрынх нь оронд  духан дээр нь шинэ хамар ургуулжээ.

Нялх байхдаа уушгины хатгаа туссаны улмаас Арун Пател хүүгийн хамар хүндээр гэмтэж, хэлбэрээ алдсан байжээ.

Уг өвчний улмаас хүүгийн хамрын мөгөөрс гэмтэж, эмчлэхэд хүндрэлтэй болсон байна.

2013 онд Хятадад автын ослоор хамраа гэмтээсэн нэгэн залууд дээрхтэй адил хагалгаа хийн шинэ хамартай болгож байжээ.

Арун хүү төрснийхөө дараахан хатгаа тусахад эцэг эх нь эмчийг гэртээ аваачин түүнийг үзүүлж, эмчилгээ хийлгүүлж байсан гэнэ. Тэднийх Энэтхэгийн төвийн нутгийн Мадхя-Прадеш мужийн тосгонд амьдардаг аж. Гэвч тухайн үед эмчилгээ хийлгэснээр байдал улам дордож, эдийн гэмтлийн улмаас хүү хамаргүй болоход хүрчээ.

Ингээд 10 гаруй жилийн дараа Энэтхэгийн Индаур хотын эмч нарын баг Аруныг шинэ хамартай болгохоор дөрвөн үе шаттай, маш ховорт тооцогдох гоо сайхны мэс засал хийжээ.

Хагалгааны багийг ахалсан доктор Ашвини Даш хэлэхдээ “хүүгийн шинэ хамар бусад эрхтний адил хэвийн ажиллана гэдэгт би итгэлтэй байна” гэв.

Дөрвөн үе шат бүхий мэс заслыг хийж дуусгахад бараг нэг жилийн хугацаа орсон гэнэ.

Г.Доржханд

 

 

Related news