“Friends” цувралын жүжигчин Жеймс Тайлер таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-25 13:57:52

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “NBC” телевизээр арван жилийн турш үзэгчдийн хүртээл болсон алдарт “Friends” цувралын Гантерийн дүрээр олонд танигдсан жүжигчин Жеймс Майкл Тайлер 59 насандаа таалал төгсжээ.


Тэрбээр 2018 оноос хойш түрүү булчирхайн хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд өвчнийхөө улмаас ням гарагт Лос-Анжелес дахь гэртээ нас барсан гэж түүний менежер “TMZ” цахим хуудсанд мэдээлжээ.


"Дэлхий дахин түүнийг "Friends" цувралын Гантер (долоо дахь "Найз") гэдгээр нь мэддэг байсан ч Майклын ойр дотны хүмүүс түүнийг жүжигчин, хөгжимчин, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийг дэмжигч, гайхалтай нөхөр гэдгээр нь мэддэг байсан” гэж түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ дурдсан байна.


Жеймс Тайлер арван жилийн турш "Friends" цувралын Гантерийн дүрд тоглосны зэрэгцээ “Sabrina the Teenage Witch”, “Scrubs”, “Episodes”, “Modern Music” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлжээ.


Тэрбээр 2018 онд түрүү булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдсон байна. Түүнчлэн энэ тухайгаа олон нийтээс нууцалж байсан бөгөөд энэ оны зургаадугаар сард “Today” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаараа дурдаж, хавдар ясанд нь тархсан болохыг хэлж байжээ.


Үүнтэй холбогдуулан тэрээр эрэгтэйчүүдийг түрүү булчирхайн шинжилгээнд тогтмол хамрагдахыг уриалж байсан аж.

 

Related news