Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-27 17:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.   


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.


Хууль зүйн байнгын хороо энэ сарын 19-ний хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.


УИХ-ын чуулганы энэ сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийг дагаж мөрдөх хугацааг ирэх сарын 5-наас эхлэхээр тогтсон юм. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байсангүй.


Мөн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг оруулах тогтоолын төслийг дэмжлээ. Ийнхүү дээрх хоёр төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Related news