Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-27 17:52:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжилд чиглүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилт тавьсан болохын танилцуулгадаа дурдав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, улсын онц чухал объектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын дэглэм журмыг сахиулах, хил хамгааллын чадавхыг бэхжүүлэх төсвийг тооцсон байна. Мөн согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд цахим гав нэвтрүүлэх, цахим виз олгох, экологийн шинжээч ажиллуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт үйлдлийн байгаль орчинд учирсан хохирлыг шинжлэн тогтоох зэрэг нийгмийн харилцааг зохицуулах төсвийг тусгажээ. Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах, шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг байгуулах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байдлаар төсвийг санхүүжүүлэхээр тооцлоо.


Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлж байна.


Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Related news