ҮХЦ-ийн 7-р дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-27 17:57:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны 7 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын энэ сарын 20-ны  хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон юм.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.“, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “шударга шүүхээр шүүлгэх эрхтэй“, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна“ гэж тус тус заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг ҮХЦ гаргажээ.


Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Related news