“BTS” хамтлаг “MTV EMA” наадмаас дөрвөн шагнал хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-15 14:27:53

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хөвгүүдийн хамтлаг “MTV Europe Music Awards” хөгжмийн наадмаас дөрвөн шагнал хүртсэнээр энэ удаагийн наадмаас хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчид болжээ.


Унгарын нийслэл Будапешт хотноо орон нутгийн цагаар ням гаргийн орой болсон наадмаас долоон гишүүнтэй тус хамтлаг “Шилдэг поп уран бүтээлч”, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг “K-pop” уран бүтээлч”, “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлч” шагналыг хүртсэн байна.


Ингэснээр “BTS” нь энэ жилийн “MTV EMA” наадмаас хоёроос олон шагнал хүртсэн хоёр уран бүтээлчийн нэг болжээ. Тодруулбал, Их Британийн дуучин Эд Ширан “Bad Habits” дуугаараа “Шилдэг дуу” шагналын эзэн болж, “Шилдэг уран бүтээлч”-ээр шалгарчээ.


Өнгөрсөн оны “MTV EMA” наадмын “Шилдэг дуу”, “Шилдэг шууд үзүүлбэр”, “Шилдэг хамтлаг”, “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлч”-ээр тодорсон “BTS”-ийн хувьд тус наадмаас хоёр дахь жилдээ дараалан дөрвөн шагнал хүртэж буй нь энэ юм.


MTV EMA-2021” наадмын “Шилдэг клип” шагналыг “Montero (Call Me By Your Name)” дуугаараа Америкийн рэпер Lil Nas X хүртсэн бол “Шилдэг хамтын бүтээл” шагналыг Америкийн рэпер Doja Cat, дуучин SZA нар Kiss Me More” дуугаараа хүртжээ.


Өнгөрсөн онд цахимаар зохион байгуулсан энэхүү наадам энэ жил уламжлалт хэлбэрээр зохиогдсон хэдий ч “BTS” хамтлаг шагнал гардуулах ёслолд оролцоогүй байна. 

Related news