Донбассыг ОХУ-д нэгтгэхийг хүсэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-01 15:10:42

МОСКВА. /TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын ард иргэдэд ОХУ тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэх хэрэгтэй гэж дийлэнх оросууд үзэж байгаа боловч Донбасс бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах сонирхолтой хүн маш цөөхөн байгааг олон нийтийн санал асуулгын “VTsIOM” байгууллага судалгаагаар гаргажээ.

Судалгаанд оролцогчдын зөвхөн 18 хувь нь л Донбассыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрсөн байна.

Донбассын дайчдын дунд ОХУ-ын сайн дурынхан украинчуудаас илүү байж магадгүй гэсэн таамаг өнгөрсөн жилийнхээс хавгүй нэмэгдсэн байна. 2014 онд явуулсан судалгаагаар, судалгаанд оролцогсдын 5 хувь нь Донбассын дайчдын дунд ОХУ-ын сайн дурынхан украинчуудаас илүү байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн бол 2015 оны есдүгээр сард энэ үзүүлэлт өсөж, 15 хувь болжээ.

Мөн судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 66 хувь нь Донбасс бүс нутаг дахь дайчдын дийлэнх нь Донецк, Луганскийн оршин суугчид гэж үзсэн бол 2014 онд судалгаанд оролцсон хүмүүсийн 88 хувь нь дайчид Донецк, Луганскийн оршин суугчид гэж үзжээ.

Гурван оросын нэг буюу судалгаанд оролцсон хүмүүсийн 31 хувь нь ОХУ-ын эрх баригчдыг Донбасс болон Украины аль нэг талд оролгүй төвийг сахисан байр суурьтай байхыг зөвлөсөн байна. Харин судалгаанд оролцогчдын 26 хувь нь тус бүс нутаг тусгаар тогтнох хэрэгтэй гэж үзжээ.

Уг судалгааг 2015 оны есдүгээр сарын 5-6-нд явуулсан бөгөөд үүнд ОХУ-ын газар нутгийн 46 орчим насны 1600 хүн оролцсон байна. Энэ статистик үзүүлэлтийн алдаатай байх магадлал 3.5 хувиас хэтрэхгүй ажээ.

Д.Нямтулга

Related news
Comments