Бельгийн амьтны хүрээлэнд усны үхрээс коронавирус илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2021-12-06 13:35:17

БРЮССЕЛЬ. /BBC/. Бельгийн амьтны хүрээлэнд хоёр усны үхрийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан тул бусад амьтдаас тусгаарлажээ.


Antwerp” хүрээлэнгийн мэдээлснээр, 14 настай Имани, 41 настай Хермиен усны үхрүүд хэрхэн халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тэдгээрт нус гоожихоос өөр шинж тэмдэг илрээгүй байна. Иймд усны үхрүүдийн шинжилгээний хариуг сөрөг гарах хүртэл амьтын хүрээлэнд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгажээ.


Дэлхийн хэмжээнд урьд нь амьтад “Sars-CoV-2” вирусээр халдварласан хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж байсан юм. Усны үхрүүдийн хамар ихэвчлэн чийглэг байдаг ч нус гоожиж буй бололтой байгаа нь ажиглагдсан тул “Antwerp” амьтны хүрээлэнгийн эмч нар шинжилгээ авахад ийнхүү халдвар илэрчээ.


Үүнтэй холбоотойгоор усны үхрүүдийн хашааг битүүмжилсэн байна. Сургагчдынх нь хувьд шинжилгээний хариу нь сөрөг гарсан бөгөөд амьтадтай харьцахаасаа өмнө амны хаалт, хамгаалалын шил зүүж, гутлаа ариутгадаг байжээ.


“Ийм төрөл зүйлийн амьтдын дунд халдвар илэрсэн анхны тохиолдол энэ боллоо гэж бодож байна. Өмнө нь бусад улс орнуудад сармагчин, муурнууд коронавирусээр халдварласан тохиолдол голчлон бүртгэгдэж байсан” гэж “Antwerp” хүрээлэнгийн эмч Фрэнсис Веркаммен ярьжээ.


Өнгөрсөн долоо хоногийн эхээр Канадад зэрлэг бугануудаас “COVID-19” халдварын гурван тохиолдол илэрсэн нь тус улсад зэрлэг амьтдаас халдвар илэрсэн анхны тохиолдол болжээ. Гэхдээ ийм шинжилгээг хязгаарлагдмал хүрээнд хийсэн тул коронавирус зэрлэг байгальд хэрхэн тархсаныг тодорхойлох боломжгүй байна. 

Related news