"Тэргүүний малчин" сониныг цахим хэлбэрт оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-20 21:54:32

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төв номын сангийн ажилчид орон нутгийн анхны тогтмол хэвлэл болох "Тэргүүний малчин" сониныг Үндэсний Тогтмол хэвлэлийн нэгдсэн цахим санд оруулж байна. Ингэснээр уншигчид интернэт сүлжээтэй газар, дэлхийн аль ч өнцгөөс http://122.201.23.46/ сайт руу ороод тус сонины 1990 он хүртэл хэвлэж байсан дугааруудыг унших боломжтой болж байгаа аж.

“Увс аймгийн хамгийн анхны тогтмол хэвлэл болох “Тэргүүний малчин” сонин 1945 оноос хэвлэж эхэлсэн байдаг. Үндэсний Тогтмол хэвлэлийн нэгдсэн цахим санд орон нутгийнхаа хамгийн анхны сонины дугаар бүрийг оруулах ажлыг бид өнгөрсөн 11 дүгээр сараас эхлүүлсэн. Мөн "Тэргүүний малчин" сонины дутуу дугааруудыг аймгийн Архивын газраас авахаар албан бичиг хүргүүлээд байна. Магадгүй танай гэрт "Тэргүүний малчин сонины" дугаар хадгалагдаж байгаа бол бидний ажлыг хүндэтгэн авч ирж өгнө үү. Бид сонины зургийг дараад буцаан өгөх болно” хэмээн аймгийн Төв номын сангийн захирал Б.Батхүү хэллээ.

Related news