Ц.Эрдэнэбаатар: Цахилгаан эрчим хүчний алдагдал бууруулах зорилгоор Ховд, Түргэн, Давст сумыг ухаалаг тоолуурт нэмж холбосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-03 18:00:46

Увс /МОНЦАМЭ/. “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатартай ярилцлаа. Тус компани нь 1462,2 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 252 дэд станц хариуцан ажиллаж, 13.2 мянган хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээн борлуулж байна.


-Танд болон танай хамт олонд шинэ оны мэнд хүргэе. 2021 онд та бүхэн амжилт бүтээлээр арвин байлаа шүү дээ?

-2021 онд манай хамт олон бүтээлч хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, идэвх санаачилга гарган ажиллаж, ололт амжилтаа бататган, хүлээсэн үүргээ ханган биелүүлсэн сайхан жил болж өнгөрлөө. Ялангуяа 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын хөнгөлөлтийг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа. Цахилгаан эрчим хүчний алдагдал бууруулах зорилгоор Ховд, Түргэн, Давст сум болон аймгийн төвийн хоёр станцыг ухаалаг тоолуурт нэмж холбосон нь энэ оны онцлох ажлуудын нэг байв.

Шинэ он айлчлан ирсэн энэ гайхамшигт мөчийг тохиолдуулан “Увс Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн зүгээс Увс аймгийнхаа нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгч нартаа Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, хүн бүрт аз хийморийн од ашид нүүрлэн, айл гэр бүлээрээ эрүүл энх, элбэг дэлбэг, төр түмнээрээ түвшин жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Компанийнхаа талаар товчхон танилцуулаач?

-Увс “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь 1995 оноос ББЭХС-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаад 1997 онд Улаангомын “Цахилгаан шугам сүлжээний газар”, “Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2002 оны 612-р тогтоолоор “Улаангом Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, 2005 оны 11 дүгээр сараас ББЭХС ТӨХК-ийн охин компани “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК хэлбэрээр зохион байгуулж, одоог хүртэл Увс аймгийн хэрэглэгчдэд ЭХЗХ-оос олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг хүргэж байна.

Манай компани нь 1462,2 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 252 дэд станц хариуцан ажиллаж байна. Цахилгаан түгээх сүлжээнд холбогдсон дэд станцуудаас тус компанийн бүртгэлтэй 139  дэд станц, орон нутгийн болон хувийн хэвшлийн 112 дэд станц байна.

“Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь Захиргаа хүний нөөцийн, Санхүүгийн, Техникийн, борлуулалтын гэсэн 4 албанд нийт 115 хүний бүтэц орон тоотой ажиллаж байна. Үүнээс эрэгтэй ажилтан 82, эмэгтэй ажилтан 33 байна. Аймгийн төвд 73 ажилтан, суманд 42 ажилтан ажиллаж байна. 

Санхүүгийн алба маань санхүүгийн ил тод байдлыг хангах хүрээнд шилэн дансны мэдээллийг тухай бүр үнэн зөвөөр, дэлгэрэнгүй оруулж байна. Холбогдох мэдээллийг shilendans.gov.mn хаягаар орж үзэх боломжтой. Харин Техникийн албаны Шугам засвар, шуурхай үйлчилгээний бригад нь Улаангом болон 18 сумын 15/10/6/0,4 кВ-ын ЦДАШ-ын ээлжит болон ээлжит бус үзлэгийн засварын ажлуудыг аюулгүй чанартай гүйцэтгэж, гэмтлээс үүдэлтэй тасралт саатлыг шуурхай арилгаж, компанийн хэмжээнд хэрэглэгчдээс ирсэн дуудлага бүрийг богино хугацаанд барагдуулан ажиллаж байна.

-Засгийн газрын хөнгөлөлтийг аймгийн хэмжээнд хэчнээн хэрэглэгч эдэлсэн бэ?

-“Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь 13.2 мянган хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээн борлуулж байна. Монгол Улсын Засгийн газраас айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан эрчим хүч, дулааны төлбөрийг төлөхтэй холбоотой Эрчим хүчний Сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 267, 269 дүгээр тушаалаар баталсан түр журмуудыг манай компани хэрэгжүүлэн ажиллаж байна. 

2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд давхардсан тоогоор 144819 айл өрх, 9522 аж ахуйн нэгж байгууллага, нийтдээ 154341 хэрэглэгчийн 31.712,9 мянган кВт.цаг буюу 5.170,7 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлсөн. Энэ нь манай компанийн нийт хэрэглэгчдийн 94,6 хувь, нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 70.4 хувь, нийт борлуулалтын орлогын 68.5 хувийг эзэлж байна.

Төрөөс хариуцан төлсөн төлбөрийн 33.6 хувийг (1.786,0 сая төгрөг) аж ахуйн нэгж байгууллага, 66.4 хувийг (3.384,6 сая төгрөг) айл өрх эзэлж байгаа. Засгийн газрын төлбөрт хамрагдсан нийт хэрэглэгчийн 6,1 хувийг аж ахуйн нэгж байгууллага, 93,9 хувийг айл өрх эзэлж байна.

-Танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 

Related news