Бээжингийн Олимпын нээлтийн ёслолын сургуулилалтыг хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-01-23 11:26:38

БЭЭЖИН. /Xinhua/. “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын сургуулилалтыг “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд бямба гаргийн орой хийжээ. Ирэх хоёрдугаар сарын 4-нд болох нээлтийн ёслолын бүх үйл ажиллагааг урьдчилан бэлтгэсэн энэхүү сургуулилалтад 4000 орчим хүн оролцсон байна.


“Цаг агаар хүйтэрснээс гадна“COVID-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үргэлжлэх хугацааг нь 100 орчим минут болгон богиносгоод буй нээлтийн ёслолыг нүүрстөрөгчийн ялгарал багатай, шинжлэх ухаан, технологийн дэвшлүүдийг ашиглан зохион байгуулах бөгөөд хүн төрөлхтөний төлөөх хамтын ирээдүй бүхий нийгэмлэгийг цогцлоох, “энгийн, аюулгүй, гайхамшигтай” наадам явуулах хүсэл зорилгыг илэрхийлнэ” гэж наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.


Бээжин хот нь олимпын түүхэнд зуны болон өвлийн олимпын наадмын аль алиныг зохион байгуулсан дэлхий анхны хот болж үлдэхээс гадна “Бээжин-2008” Олимпын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааг найруулсан Жан Имоу нь зуны, өвлийн наадмын нээлтийн ёслолыг найруулсан анхны хүн болох юм.


Өвлийн Олимп ирэх хоёрдугаар сарын 4-ний өдөр буюу Хятадын уламжлалт цаг тооны бичгийн 24 цаг улирлын хамгийн эхнийх болох хаврын улирал эхэлж буйг илтгэдэг “личунь”-тай давхцах ажээ. Жан Имоугийн хэлснээр, “личунь” нь халуун дулаан, сэтгэл татам тоглолтыг үзэгчдэд хүргэх зорилго бүхий нээлтийн ёслолын чухал хэсэг болно.


“Олимп, Паралимпын нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сард албан ёсоор баталсан бөгөөд энэхүү сургуулилалт нь олон сар үргэлжилсэн бэлтгэл ажлын сүүлийн үйл ажиллагаа юм” гэж “Бээжин-2022” наадмыг зохион байгуулах хорооны нээлт, хаалтын ёслол хариуцсан хэлтсийн дарга Чан Ю мэдээлжээ.


Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Яннис Экзаркосын хувьд, “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол нь 2008 оны зуны наадмынхаас тэс өөр байх ч эн тэнцэхүйц сэтгэгдэл төрүүлэх бөгөөд үзэхгүй өнгөрч боломгүй үйл ажиллагаануудын нэг юм” гэдгийг онцлон хэлсэн байна. 

Related news