БНХАУ “Бээжин-2022” Олимпоос анхны алтан медалиа хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-02-06 13:12:36

БЭЭЖИН. /CNN/. “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын шорт-трекийн холимог багийн буухиа тэмцээнд өрсөлдсөн БНХАУ-ын тамирчид эх орондоо анхны алтан медалийг авчирлаа.


Хятадын тамирчин Фэнь Кэсинь, Чу Чунью, Рэнь Живэй, У Дажин нар 2:37.348 минутад барианд орсноор алтан медалийн болзол хангажээ. Тэдний араас Италийн тамирчид 2.37.364 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Унгарын баг /2:40.900/ хүрэл медалийн эзэд болсон байна.


Өнөө өглөөний байдлаар, Норвегийн баг тамирчид хоёр алтан медаль хүртсэн амжилтаар медалийн чансааг тэргүүлж байгаа бол Словени нэг алт, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаарт, зохион байгуулагч орон болох Хятад болон Нидерланд, Шинэ Зеланд, Шведийн тамирчид нэг алтан медальтайгаар гуравдугаарт жагсаж байна.


Эдгээр орны араас Итали /хоёр мөнгөн медаль/, Канад /нэг мөнгө, нэг хүрэл/, ОХУ-ын Олимпын хороо /нэг мөнгө, нэг хүрэл/, Франц /нэг мөнгө/, Герман /нэг мөнгө/, АНУ /нэг мөнгө/, Австрали /нэг хүрэл/, Австри /нэг хүрэл/, Унгар /нэг хүрэл/, Японы /нэг хүрэл/ баг тамирчид удаалж байна. 

Related news