MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий үеэр олон дээд амжилт шинэчлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-08 12:45:35

ОСЛО, 2025 оны аравдугаар сарын 8 /Xinhua/. Олон улсын хүндийн өргөлтийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ зургаа дахь өдөр Сон Кук Хян 69 кг-ын жинд дэлхийн гурван дээд амжилтыг шинэчилснээр Умард Солонгосын эмэгтэй багийн алтан медалийн тоог нэгээр нэмлээ. 


Сон Кук Хян хоёр дахь өргөлтөөрөө огцом болон түлхэлттэй өргөлтөөр дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд огцом өргөлтөөр 120 кг, түлхэлттэй өргөлтөөр 150 кг, нийлбэр дүнгээр 270 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна.


Харин Колумбийн тамирчин Жулиет Родригес огцом өргөлтөөр 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг буюу нийлбэр дүнгээр 241 кг-ыг өргөснөөр хоёрдугаар байрт шалгарсан бол Бахрейны тамирчин Ингрид Ванеса Сегура 107 кг, 134 кг-ыг өргөснөөр гуравдугаар байр эзэлжээ.


Ингэснээр Умард Солонгосын эмэгтэй тамирчид 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг гэсэн таван ангилалд алтан медалийг хүртээд байна.


Харин эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд Колумбийн тамирчин Йейсон Лопез огцом өргөлтөөр 177 кг, нийлбэр дүнгээр 387 кг-ыг өргөснөөр дэлхийн хоёр дээд амжилтыг эвдэж, Норвегийн Фёрде хотноо болж буй тэмцээнд Америк тивээс алтан медаль хүртсэн анхны тамирчин болжээ. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 210 кг-ыг өргөснөөр хоёрдугаар байрт орсон бол Умард Солонгосын тамирчин Ро Кванг Рёл 215 кг-аар дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.


Одоо эмэгтэйчүүдийн 77 кг-ын жингийн тэмцээн аравдугаар сарын 8-нд болно. Хүндийн өргөлтийн ДАШТ Фёрде хотноо аравдугаар сарын 2-нд эхэлсэн бөгөөд 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

Related news