Монгол Улсын “Шилдэг уяач” шагналаа гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-12 15:09:18

Увс /МОНЦАМЭ/. Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон аймаг бүрээс амжилтаараа бусдыгаа манлайлсан “Шилдэг уяач”, “Шилдэг уралдаанч хүүхэд”,  “Шилдэг салбар холбоо”, “Шилдэг гал” зэргийг шалгаруулдаг.

Энэ дагуу 2020 оны амжилтаараа Малчин сумын харъяат, аймгийн алдарт уяач Баасандоржийн Мөнхбаяр Монгол Улсын “Шилдэг уяач”-аар, Баруунтуруун сумын харъяат Э.Сугар “Шилдэг уралдаанч хүүхэд”-ээр тус тус шалгарлаа.

Б.Мөнхбаярын хувьд аймгийн баяр наадамд азарга аман хүзүү, соёолон түрүү болон аман хүзүү, шүдлэн айрагдуулсан амжилтаар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Түүний шагналыг хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр аймгийн удирдлагууд болон “Увсын хурд” морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид гардуулан өгч баяр хүргэлээ. Коронавириусний халдварын улмаас уг шагнал ийнхүү он дамжиж иржээ.

2019 онд Монгол Улсын “Шилдэг холбоо”-гоор Өндөрхангай, сумын салбар холбоо, 2020 онд Зүүнхангай болон Өндөрхангай сумын салбар холбоод тус тус шалгарсан байна. Харин Монгол Улсын “Шилдэг уяач”-аар сүүлийн жилүүдэд Өлгий сумын харъяат, аймгийн алдарт уяач Замбын Дэндэв, Зүүнговь сумын харъяат, аймгийн алдарт уяач Бадарчийн Норовсамбуу, Тэс сумын харъяат, аймгийн алдарт уяач Цогт-Очирын Дамдин-Ядам, Түргэн сумын харъяат, аймгийн алдарт уяач Хасгаагийн Сүхбаатар нар тус тус шалгарчээ. 

Related news