Томас Бах: “Бээжин-2022” нь дэлхийн өвлийн спортын шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-21 07:59:38

БЭЭЖИН. /CGTN/. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, өвлийн Олимпын XXIV наадам өндөрлөж буйг Олон улсын олимпын хорооны (ОУОХ) Ерөнхийлөгч Томас Бах ням гарагийн орой албан ёсоор зарлалаа.


Томас Бах “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын хаалтын ёслолын үеэр үг хэлэхдээ “үнэхээр онцгой олимп боллоо” гэж хэлээд, энэ Олимпын наадмыг зохион байгуулснаараа “Хятад улс  дэлхийн өвлийн спортын шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа” гэв.


Мөн Томас Бах “энх тайван, эв нэгдлийн бодит жишээ” болсон тамирчдаас үлгэр дууриал авахыг дэлхийн улс төрийн удирдагчдад уриаллаа.



Тэрбээр Орос болон Украин хоорондын хурцадмал байдалтай холбогдуулан хэлэхдээ, “Олимпын наадмын эв нэгдлийн хүч нь бид бүгдийг хагалан бутаргах гэсэн хүчнүүдээс ч илүү хүчтэй. Олимпод оролцсон тамирчид бидэнд эв нэгдлээ бэхжүүлэх боломж өглөө. Улс орнууд хоорондоо зөрчилтэй байсан ч тамирчид бие биенээ хүндэлж, тэвэрч, өрсөлдөгчдөдөө сайн сайхныг хүсэж байсан” гэжээ.


Түүнчлэн Томас Бах улс орнуудад "Covid-19" өвчний эсрэг вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг уриалан “Хэрвээ энэ цар тахлыг хурдан дарж авахыг хүсэж байвал вакцинжуулалтаа хурдасгах хэрэгтэй. Бид илүү өндөр зорилго тавьж, илүү хүчтэй байж, хамтдаа бат зогсох хэрэгтэй. Вакцинжуулалт бол нэг нэгэндээ санаа тавьж, халамжилж буйн нэгэн илрэл юм” гэлээ.


Хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног үргэлжилсэн “Бээжин-2022” өвлийн Олимпын наадамд 2871 тамирчин спортын 15 төрлөөр 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.


Норвеги улс нийт 37 медаль, тэдгээрийн дотор 16 алтан медаль хүртсэнээр энэ Олимпын наадамд тэргүүллээ. Норвеги 16 алтан медаль хүртсэнээрээ нэг Олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн улс болж, өвлийн Олимпын түүхэн дээд амжилтыг тогтоолоо.



Харин Герман улс нийт 27 медаль, тэдгээрийн дотор 12 алтан медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.


Тэгвэл зохион байгуулагч Хятад улс 9 алт, 4 мөнгө, 2 хүрэл буюу нийт 15 медаль хүртсэнээр медалийн тоогоор гуравдугаарт орсон юм. Энэ нь тус улсын хувьд өвлийн Олимпын түүхэнд үзүүлсэн хамгийн дээд амжилт нь болж байна.


Олимпын хаалтын ёслолын үеэр Олимпын далбааг буулгаж, Бээжин хотын дарга Чэнь Зинин дараагийн буюу 2026 оны өвлийн Олимпыг зохион байгуулах Италийн Милан, Кортина-д Ампеццо хотын дарга нарт гардуулан өглөө.


Related news