Японд болсон газар хөдлөлт өнгөрсөн оны үзэгдлээр өдөөгдсөн бололтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-03-18 11:58:29

ТОКИО. /Mainichi/. Японы зүүн хойд нутагт лхагва гарагт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 оны хоёрдугаар сард тус бүс нутагт болсон газар хөдлөлтөөр өдөөгдсөн бололтой байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлээд, энэ бүсэд хүчтэй газар хөдлөлтийн идэвхжил үргэлжилж магадгүйг анхааруулжээ.


Фүкүшима мужийн эргийн орчимд болсон газар хөдлөлтийг 2011 онд зүүн хойд нутагт ихээхэн гарз хохирол учруулж, цөмийн гамшгийн аюул нүүрлүүлсэн 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийлэл хэмээн үзэж байгаа ч голомт нь 11 жилийн өмнөх 24 км-ээс гүнд буюу 57 км-т байжээ.


Ийнхүү мэргэжилтнүүд лхагва гаргийн орой гурван хүний аминд хүрч, 180 гаруй хүнийг гэмтээсэн газар хөдлөлтийг 2021 оны хоёрдугаар сарын 13-нд бараг л ижил байршилд 55 км-ийн гүнд болсон 7.3 магнитудын газар хөдлөлтөөр өдөөгдсөн гэж таамаглаж байна. Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд эдгээр газар хөдлөлтийн үед Мияги, Фүкүшима мужид зургаагаас дээш түвшний чичирхийлэл мэдрэгджээ.


Токиогийн их сургуулийн газар хөдлөл судлалын профессор Такаши Фүрүмүрагийн ярьснаар, нэг жилийн зайтай болсон хоёр газар хөдлөлтийн холбоо хамаарал “ихэр мэт адилхан” байсан бөгөөд тухайн үеийн хагарлын нэг хэсэг өнгөрсөн жилийн газар хөдлөлт болоход хагараагүй үлдэж, нэг жилийн дараа тохиолдсон байх магадлалтай ажээ. Tohoku” их сургуулийн газар хөдлөл судлалын профессор Шинжи Тоода ч мөн түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. 2021 оны хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас 150 гаруй хүн гэмтэж бэртжээ. 

Related news