Турк “Евро-2028” тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-03-24 15:23:31

АНКАРА. /Anadolu/. Туркийн хөл бөмбөгийн холбоо 2028 онд болох Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ лхагва гарагт албан ёсоор өргөн барьжээ.


Ингэснээр Европын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө албан ёсоор нэр дэвшигчдийн тоо гурав болжээ. Тодруулбал, лхагва гаргийн өглөө Их Британи, Ирланд “Евро-2028”-ыг хамтран зохион байгуулах хүсэлтээ гаргасан байна.


Мөн Оросын хөл бөмбөгийн холбоо 2028, 2032 оны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Европын Хөл бөмбөгийн холбоо /UEFA/ баталжээ. “Орос, Турк 2028, 2032 оны тэмцээний аль нэгийг, Итали “Евро-2032” тэмцээнийг зохион зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.


ОХУ-ыг Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан Оросын бүх клуб, шигшээ багийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Европын хөл бөмбөгийн холбооны тэмцээнүүдэд оролцохыг нь дахин мэдэгдэл гарах хүртэл хориглоод байгаа юм.


Европын хөл бөмбөгийн холбоо 2028, 2032 онд болох тэмцээнүүдийг зохион байгуулах улсын нэрийг 2023 оны есдүгээр сард танилцуулна. 2018 онд Турк, Герман “Евро-2024” тэмцээнийг зохион байгуулахын төлөө өрсөлдөж, Европын хөл бөмбөгийн холбооны гүйцэтгэх хороо олонхын санал авсан Герман улсыг сонгосон билээ. 

Related news