Н.Батхүү: Тухайн бүсийн онцлогт тохирсон ургамлыг тарих зөвлөмж гаргаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-03-28 14:45:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ тэрбум мод тарьж ургуулах хөдөлгөөн эхлүүлэхээ мэдэгдсэн билээ.


Энэ ажил хэрхэн өрнөж байгаа талаар Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүтэй ярилцсан юм. Тэрбээр цөлжилт, газрын доройтлыг багасгах судалгаа шинжилгээг 20 гаруй жил хийгээд байгаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” хөдөлгөөн өрнүүлэх хөдөлгөөн зарласнаас хойш ямар ажил хийж амжуулав?

Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэд, аймаг орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарихаар амласан төлөвлөгөөг нэгтгэн, хариуцлагын гэрээний дагуу хөтөлбөр, стратеги, хэрэгжүүлэх арга замыг боловсруулж байна. Удахгүй дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулах Эдийн засгийн форумын үеэр энэ стратеги, хөтөлбөрөө олон нийтэд танилцуулна.


-“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд, аймгуудад 680 сая мод тарихыг зорьж байгаа. Нэг аймагт тарих модыг ямар үндэслэлээр тогтоосон бэ?

-Тийм ээ, Монгол Улсын 21 аймагт 2030 он хүртэл 680 сая мод тарихыг зорьж байгаа. Ингэхдээ байгаль, цаг уурын нөхцөл, байгалийн бүс бүслүүр, тухайн аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт зэргийг харгалзан нэг аймаг 20-100 сая модыг 10 жилд хэрхэн, хаана, яаж амжилттай тарьж ургуулах, арчлах, хамгаалах талаар аймаг орон нутагт төлөвлөгөө боловсруулсан. Эдгээрийг нэгтгэн үндэсний хөдөлгөөний төлөвлөгөө гаргана. Үндэсний стратеги төлөвлөгөө гаргахад орон нутагт багахан хэмжээний өөрчлөлт гарах байх. Энэ хүрээнд стратеги төлөвлөгөөг хэрхэн хянах, мониторинг хийх, түүнчлэн 3, 5, 7, 10 жилээр шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлээр үнэлэх заавар бий.



-Тавдугаар сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрөөр бүх нийтээр мод тарьдаг. Мод тарих хөдөлгөөнийг энэ удаад ямар онцлогоор, өмнөхөөс илүү үр өгөөжтэй яаж зохион байгуулах вэ?

Стратегийн төлөвлөгөөг албан ёсоор олон нийтэд таниулах, ард иргэд, аж ахуйн нэгж, оролцогч талуудад төлөвлөгөөг зөвөөр таниулан сурталчлах, соён гэгээрүүлж уриална. Зөв ойлголт, төлөвлөлтийг зөв мөрдөж чадвал үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой.


Ерөнхийлөгчийн зарлигаар батламжилсан бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдөр бүх нийтээр мод тарихдаа “Модыг зөв газарт нь зөв зорилгоор тарих” гэсэн уриалга дэвшүүлж, ойг нөхөн сэргээх, хамгаалах, арчлах 10 алтан дүрмээр зохион байгуулна.


Үүнийг бүх нийт ойлгон, оролцогч аж ахуйн нэгж, ард иргэд төрийн болон ТББ олон улсын байгууллага өмнөх жилийнхээс илүү ойлгоцтой, шинэ зарчмаар ажиллах онцлогтой байх болов уу.


-БОАЖЯ-наас улсын хэмжээнд 9.2 сая тарьц суулгацын нөөцтэй гэж байсан. Тэрбум мод тарих үрсэлгээ хэр хүртээмжтэй байгаа вэ?

Баталгаатай дата материалын хувьд, одоогоор аймаг орон нутаг, аж ахуйн нэгжийн мэдээлэлд тулгуурлан суулгац, тарьц, үрийн нөөцийн судалгааг албан ёсны гэхэд учир дутагдалтай. Зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүд мэдээллээ үнэн зөв өгч байгаа эсэх нь эргэлзээтэй тул баталгаажуулах шаардлага бий. "Тэрбум мод.мн" үндэсний флатформ ажиллуулан, аж ахуйн нэгж ард иргэдээс эхлээд мод тарьж үржүүлдэг бүх газар тарьц, суулгацын нөөцийн баталгаат тоон баримтыг нэгтгэнэ. Онлайнаар тандалт судалгаа хийнэ гэсэн үг. Баталгаатай мэдээлэл оруулахыг дурдсан байгаа. Ингэснээр тоон мэдээллийг батална.

Урьдчилсан судалгаагаар, “Тэрбум мод” хөдөлгөөн эхэлж байхад улсын хэмжээнд 9.2 сая тарьцын нөөцтэй гэж байсан ч аймаг орон нутагт ажиллаад явж байхад нэг аймаг дангаараа 6.3 сая тарьцын нөөцтэй гэж байх жишээтэй. Иймд статистик тоон баримтаа албажуулж баталгаажуулан төлөвлөгөөнд тусгах шаардлагатай. Тэрбумаар тоологдох мод тарих учир одоо байгаа нөөцөө нэмэх шаардлагатай. Тухайн аймгийн онцлогоос хамаарч, ямар төрлийн ургамлыг хаана тарих гэхчлэн тарьцын нөөц ургуулах бодлогод тусган, тухайн бүсэд тохирсон зүйлийн таримал ургамлыг тарьж ургуулах төлөвлөгөөнд дурдаж, зөвлөмж гарч байгаа. Эс бөгөөс тухайн бүсэд ургадаггүй, дасан зохицох чадваргүй ургамал таривал эдийн засаг, цаг хугацааны хувьд хохирол амсах вий гэж болгоомжлуулсан зөвлөмж өгч байгаа.


-Тарьц, суулгацаа арчилж ургуулахыг бодлогоор яаж дэмжиж байгаа вэ?

Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих өдрийг батламжилснаар өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад мод тарих хандлага, хүсэл эрмэлзлэл эерэг болсон. Тарьсан модоо арчилж хамгаалахад баримталж буй бодлого болон тухайн хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн хувьд учир дутагдал бий. Үүнийг засан залруулахаар зарим дүрэм журмын хүрээнд ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зорьж байна. Улсын хэмжээнд ойжуулалт, ойн аж ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, үнэлэх журмыг 2021 онд 1 га ойг тарьж ургуулахад гардаг зардлыг байгалийн бүс бүслүүлээр шинэчлэн баталсан. Байгалийн бүс бүслүүр, ой хээрт доройтсон ойг нөхөн сэргээх, хуурай хээрт, говь цөлд тарьж ургуулахад нэг га газарт ногдох зардлын хэмжээг 2-5 дахин нэмсэн байгаа.

Ингэснээр зөвхөн мод тариад орхих биш тухайн ойг 3-5 жил арчилж, хамгаалж, тодорхой хэмжээнд титмийн бүрхэцтэй болгож, ой гэж үнэлэхээр болгох, нэгж га-д амьд байгаа модны тоогоор улсын ойн санд хүлээн авах боломжтой. Улс хүлээж авахдаа нэг га-д модны дундаж өндөр хэд байх стандартын дагуу үнэлдэг.


Хувь хүн аж ахуйн нэгж өөрсдөө тарьж ургуулан ой бий болгосон бол жишиг үнээр улсад хүлээлгэн өгч, гарсан зардлаа нөхөж авах боломж бий.


Жишиг үнийг газар бүрд харилцан адилгүй тогтоодог. Тарьц, суулгац, үрээр тарьж ургуулаад 3 жилийн дараа ойгоо хүлээлгэн өгөх боломжтой байдаг. Таримал худалдан авахад, тухайлбал шилмүүст модны хувьд нэг га газарт амьд байгаа хэмжээгээр нь 2500 орчим мод ургуулсан байвал ойжсон гэж үзнэ. Өндөр диаметр зэрэг стандарт шаардлага хангасныг харгалзан үзэж 9.7 сая төгрөгөөр хүлээн авдаг гэхчлэн байгалийн бүс бүслүүрээс хамаараад өөр өөр байгаа.



Монгол Улс 1970 оноос ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлсэн түүхтэй. Мод тарихад байгалийн бүс, бүслүүрээр харилцан адилгүй хийх шаардлагатай байдаг. Үүнийг БОАЖЯ-наас гаргасан дүрэм журам, норм, нормативын дагуу хэрэгжүүлдэг аж. Тодруулбал, говь цөлийн бүсэд нэг га талбайд хамгийн багадаа 800, харин хээр, хангайн бүсэд 1800-2000 ширхэг мод тарьж ургуулсан бол ой гэж үзэж, Монгол Улсын ойн санд бүртгэдэг байна.


Манай улс Бонны сорилтод элсэж, 600 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ гэсэн амлалт авчээ. Харин Ойн тухай хуульд жилд 10 мянган га талбайг ойжуулна гэж заасан. Гэтэл ойжуулсан талбайн хэмжээгээр жилдээ 5-6 мянган га талбайг ойжуулж байна.

Related news