“World Press Photo” үзэсгэлэн Нидерландад нээгдлээ

ДЭЛХИЙД | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-04-15 11:20:21

АМСТЕРДАМ. /TASS/. "World Press Photo 2022" олон улсын уралдаанд шалгарсан бүтээлүүдийн үзэсгэлэн Амстердам хотын Шинэ сүмд нээгдлээ. Үзэсгэлэнд 24 гэрэл зурагчны авсан 120 гаруй зургийг дэлгэжээ.


Гэрэл зургийн сэтгүүлчдийн хамгийн нэр хүндтэй, томоохон уг уралдааны ялагчид дөрөвдүгээр сарын 7-ны пүрэв гарагт тодорчээ.


Оны шилдэг зургаар шалгарсан Канадын гэрэл зурагчин Амбер Бракены бүтээл үзэсгэлэнгийн гол хэсэгт тавигдсан байна. Уг зурагт зам дагуух модон загалмайнуудад өлгөсөн улаан даашинзуудыг харуулсан бөгөөд энэ зургийг нутгийн уугуул иргэд буюу индианчуудын үр хүүхдүүдийг уусгах зорилгоор байгуулсан сургуулийн дотуур байранд нас барсан хүүхдүүдийн дурсгалд зориулан авчээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Канадын Камлупс хотод 1890-1978 оныг хүртэл уугуул иргэдийн хүүхдүүдийг дахин хүмүүжүүлэх нэг төрлийн лагерь байсан сургуулийн дотуур байрны нутаг дэвсгэрээс 215 хүүхдийн нэргүй оршуулга олдсон юм. 


Шүүгчид энэхүү зургийг "зөвхөн Канад төдийгүй дэлхий даяарх колоничлолын түүхийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буй нам гүм мөч" гэж тодорхойлсон байна.


“Оны түүх” төрөлд Австралийн гэрэл зурагчин Мэттью Эбботтын "Ойг галаас аварсан нь" цуврал зураг шалгарчээ. Тэрбээр Австралийн Сидней хотод хэт халалт, ган гачиг, хар салхины улмаас дэгдсэн хор хөнөөлтэй ойн түймрийг баримтжуулсан байна.


“Урт хугацааны төсөл” төрөлд гэрэл зурагчин Лало де Альмейда Амазоны ширэнгэн ойн зургуудаараа түрүүлжээ.


Шинээр оруулсан "Нээлттэй формат" төрөлд Өмнөд Америкийн гэрэл зурагчин Исадора Ромерогийн "Цус бол үр" нэртэй төсөл шалгарсан байна.


“World Press Photo” нь олон улсын гэрэл зурагчдын хамгийн нэр хүндтэй уралдаан юм. 1955 оноос эхлэн явуулж буй уг уралдааны гол зорилго нь гэрэл зургийн сэтгүүл зүй, баримтат гэрэл зургийн өндөр стандартыг хөгжүүлэх, дэмжих юм. Энэ жилийн уралдааны ялагчдыг дэлхийн 130 орны 4000 гэрэл зурагчны 65 мянга орчим гэрэл зургаас сонгон шалгаруулжээ.


Энэ жилээс эхлэн уралдааныг шинэ хэлбэрээр зохион байгуулж байна. Эхний ээлжинд дөрвөн төрөлд шилдэг зургуудыг шалгаруулах ажлыг бүс нутгийн хэмжээнд явуулжээ. Үүний дараа бүс нутгийн гэрэл зургуудаас дэлхийн хэмжээний шилдэг гэрэл зургуудыг шалгаруулсан байна. “World Press Photo” үзэсгэлэнд бүс нутаг, дэлхийн хэмжээнд шалгарсан бүх бүтээлийг дэлгэжээ.


Related news