"Дэлхийн зөн Монгол" байгууллага Баян-Өлгийд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-18 17:08:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллага Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ ирэх 10 дугаар сарын 1-нээс зогсоохоор болжээ.

Энэ талаар "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллагын Үйл ажиллагаа, чанарын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, удирдах ажилтан Н.Өлзиймаа болон тус байгууллагын Баян-Өлгий аймаг дахь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Х.Жумагүл нар аймгийн Засаг дарга Д.Бауыржантай уулзах үеэрээ мэдэгдэв.

"ОХУ, Украин улсуудын хооронд өрнөж байгаа дайны улмаас олон хүний амь эрсдэж, олон сая хүн эх орноосоо дүрвэн хямралт нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс "Дэлхийн зөн" Олон улсын байгууллага нь хүмүүнлэгийн туслалцаа, төсөл хөтөлбөрүүдээ дайнд нэрвэгдсэн улсад чиглүүлж байна" хэмээн үйл ажиллагаагаа зогсоож буй шалтгаанаа тайлбарлав. 

Related news