Замын-Үүдээс Эрээн рүү хоногт 10-11 галт тэрэг ачаа гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-20 12:29:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүдээс Эрээний чиглэлд хоногт 10-11 галт тэрэг гарч байгаа талаар УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Үүний өмнө, тодруулбал, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэл “УБТЗ” ХНН Замын-Үүд өртөөгөөр Эрээн өртөөнд өргөн царигаар хоногт 14 галт тэрэг хүлээлгэн өгч байв. Үүний 4 нь Европ болон ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн чингэлгийн транзит галт тэрэг, үлдэх 10 галт тэрэг нь манай улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайр, жонш зэрэг экспортын ачаа тээвэрлэн гаргаж байв. Гэвч БНХАУ-ын тал өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-наас эхлэн цар тахлын халдварыг хумих зорилгоор Замын-Үүд-Эрээн өртөөгөөр зөвхөн чингэлэгт ачсан ачааг хүлээн авах болж, хоногт өргөн царигаар хүлээн авах галт тэрэгний тоо 6-7 болж огцом буурсан. Тиймээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын төмөр замын удирдлагатай шаргуу ярьж тохирсны үр дүнд сүүлийн саруудад Эрээн өртөө манай талаас хоногт өргөн царигаар 10-11 галт тэрэг хүлээн авдаг болоод байна.



Уг нь манай талаас урагшаа 20 галт тэрэг солилцож байх санал тавьсан ч Хятадын тал 10-11 болгоод байна. Энэ нь нэгд, тус улсад гарсан, одоо ид мөрдөгдөж буй ковидын цар тахлын шинэ хязгаарлалт, хорио цээрээс гадна Эрээн боомтын төмөр замын хүчин чадалтай холбоотой аж. Тиймээс тус боомтын ачаа бараа хүлээн авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх үүднээс хүчин чадлыг шинэчлэх ажлыг энэ оноос эхлүүлж буй талаар Хөх хотын төмөр замын удирдлага хоёр талын уулзалтаар мэдэгджээ. Ингэвэл Монгол Улсаас хүлээн авах галт тэрэгний тоо нэмэгдэж, энэ нь манай улсын экспорт өсөх, эдийн засаг тэлэхэд чухал хувь нэмэртэйг УБТЗ ХНН-ээс мэдэгдэж байна.




Транзит тээврийн тухайд дурдахад, өнгөрсөн онд УБТЗ нийт 31.3 сая тонн ачаа тээвэрлэсний 27.1 сая тонн нь экспорт, импорт, орон нутгийн тээвэрлэлт байгаа бол үлдсэн 4.2 сая тонн нь дамжин өнгөрөх транзит ачаа тээвэрлэлт байна. ОХУ-аас БНХАУ руу транзитаар 2021 онд 3.1 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь жилд дунджаар 2-3 сая тонн байдаг аж. Манай улсаас ОХУ руу 2021 онд 177.8 мянган тонн жонш экспортолжээ. Жилд дунджаар 150-250 мянган тонн жонш экспортолдог байна. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, тэр тусмаа уул уурхайн экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, тээвэр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тодруулга: Нэг галт тэрэг нь 50-60 вагоноос бүрдэж нэг состав буюу үндсэн бүрэлдэхүүн болдог байна. 

Related news