Олон улсын уран зургийн үзэсгэлэнг нээлээ

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-21 14:41:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Их Алтай" дүрслэх урлагийн холбооноос зохион байгуулж буй шилдэг бүтээл шалгаруулах Олон улсын уран зургийн үзэсгэлэн Өлгий хотын Хөгжимт драмын театрт энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ.

Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ой, "Их Алтай" дүрслэх урлагийн холбооны нээлтийн ажиллагааг тохиолдуулан зохион байгуулсан уг үзэсгэлэнд Монголын Урчуудын эвлэлийн зураач С.Дагвадорж, С.Болдбаатар, Н.Оросоо, Т.Бадамжунай, Р.Баярмөнх, Ганцог, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын зураач Евгений Бучнеев, Владимир Елников, Николай Марци, Ерболат Нуриманов болон Монгол Улсын Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ.  

Энэ удаагийн үзэсгэлэнд уран зураг, баримал, сийлбэр, уран хатгамлын бүтээлүүд тавигдсан бөгөөд үзэсгэлэнгийн үйл ажиллагаа энэ сарын 23-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.