ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Др Үмит Нажи Ёорулмаз Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-23 22:52:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн дэд ерөнхийлөгч Др. Үмит Нажи Ёорулмаз тэргүүтэй ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Түүнийг тус байгууллагын Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, Хөтөлбөр зохицуулалтын газрын дэд дарга  Жэйлан Атмажа, Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Хатижэ Мүгэ Өзкан нарын албаны хүмүүс дагалдаж явна.

Ажлын баг ТИКА-гийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан Өлгий сумын 17 дугаар хүүхдийн цэцэрлэгийн 50 хүүхдийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн газрын өмнө нь дутуу барьсан барилгыг ТИКА-гийн санхүүжилтээр үргэлжлүүлэн барьж байгаа. Зочид тус барилга угсралтын ажил болон Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуульд ариун цэврийн  байгууламж барих ажлын явцтай танилцлаа. 

Мөн дэлхийн Ислам шашинтнуудын ариун Рамадан сарыг тохиолдуулан Өлгий сумын зорилтот бүлийн 400, Цэнгэл сумын 250 өрхөд хүнсний тусламж үзүүлэв.

Ташрамд сануулахад, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА) нь 2004 онд Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 770 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Үүнээс 60 нь Баян-Өлгий аймагт ногддог бөгөөд нийтдээ 2 сая гаруй америк долларын тусламжийг үзүүлсэн ажээ. 



Related news