“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” нэгдсэн өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСАймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх салбар зөвлөл болон Цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлан таниулах өдөрлөгийг өнөөдөр зохион
байгуулж байна.
Тус өдөрлөгт төрийн байгууллагын ажилтнууд болон иргэд
өргөнөөр оролцож байна. Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Ц.Батболд, Аймгийн
ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Галбадрах нараас дараах
тодруулгыг авлаа.
-Аймгийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын дарга
Ц.Батболд:
“Өнөөдөр аймгийн төвд болж байгаа энэхүү үйл ажиллагааг 19 сумын төвд нэгэн зэрэг зохиож байгаа.
Сүүлийн хоёр жил ковид-19 цар тахлын улмаас хөл хориотой байсан. Өнөөдөр нийгмийн харилцаанд хүн бүхэн орж байгаатай холбогдуулаад гэмт хэргийн гаралт сүүлийн саруудад маш их нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа мал хулгайлах гэмт хэрэг, залилангийн гэмт хэрэг гэхэд 3 дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Залилангийн гэмт хэрэгт хамгийн их өртөж байгаа нь төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудад ажилладаг хүмүүс их байна гэсэн судалгаа гарсан. Үүнтэй уялдуулаад иргэдийнхээ оролцоотой, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байхгүй бол иргэд мэдээлэлгүйгээс болж маш их хохирч байна.
Иргэд зөрчлийн хуулиар их торгуулж байна. Торгууль төлнө гэдэг тэр хүний амьдралд хүндээр тусаж байна. Тийм учраас төрийн байгууллагууд хууль сурталчлах, иргэн бүрт хүрч ажиллах тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулъя гэж өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Иргэд хөршийн холбоогоо сайжруулж, аль болох
хамтарч ажиллаж, энэ хүнд хэцүү цаг үеийг бүгдээрээ гарз хохирол багатай,
хамгийн гол нь иргэд маань аюулгүй орчинд, амгалан тайван байдалд амьдрах
нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хамтран ажилламаар байна.
Увс аймагт гарч байгаа гэмт хэргийг 20 хувь бууруулахад
төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, төрийн байгууллагад ажиллаж байгаа
хүмүүсийн хандлага зөв баймаар байна. Тэгэхгүй бол өглөө 8.00 цагаас орой 17.00 цаг
хүртэл цалин авахын хэмжээнд ажиллах юм бол болохгүй. Хамгийн мэдээлэлд ойрхон,
хамгийн их мэдээлэл түгээх ёстой хүмүүс бол төрийн албан хаагчид, төрийн тусгай
чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтнууд юм. Энэ тал дээр анхаарал хандуулж
ажиллахын тулд аймгийн Прокрурын байгууллага, цагдаагийн газар, тагнуулын
байгууллага зэрэг тусгай чиг үүрэгтэй бүх байгууллага энд оролцож байна. Цаашид
аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион
байгуулах ёстой гэдэг үүднээс энэ ажлыг одоо зохион байгуулж байна”.
-Аймгийн ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Галбадрах:
“Өнгөрсөн 2020, 2021 онд төрийн тусгай чиг
үүргийн байгууллагууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэтгийлэх чиглэлээр багагүй
ажлыг аймагтаа зохион байгуулсан. Тэр дундаа аймгийн Прокурорын байгууллагаас
энэ байгууллагуудаа удирдан чиглүүлж, манлайлах байдлаар урьдчилан сэргийлэх
ажлыг хийж хэрэгжүүлсэн боловч гэмт хэрэг зөрчлийн гаралт жилээс жилд нэмэгдэж
байна. Тэгэхээр бид иргэдийгээ татан оролцуулж, төрийн бус байгууллагууд бүгд
хамтаараа урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж үзэж
байгаа. Нөгөө талаар прокурорын байгууллагын гаргасан шийдвэрийг тод нээлттэй
болгох зорилгоор бид бүхэн хийж хэрэгжүүлсэн ажлаа ард иргэддээ танилцуулж,
тайлагнаж байна. Мөн иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь
шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдэж байна.
Аймгийн хэмжээнд үүсэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг энэ оны 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт өмнөх оноос 27.1 хувиар өссөн. Гэмт хэрэг хаана ихээр үйлдэгдээд байна гэхээр нийт гэмт хэргийн 60-70 хувь нь Улаангом суманд үйлдэгдсэн байна. Үүний шалтгаан нөхцөл нь юу вэ гэхээр төв газартаа иргэдийн хэт бөөгнөрөл үүссэн тул иргэд архидан согтуурдаг, түүний улмаас бусдын биед гэмтэл учруулдаг. Энэ гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Дараагийн үйлдэгдэж байгаа гэмт хэрэг гэвэл цахим залилангийн хэрэг. Иргэд цахим орчинд хэтэрхий автсан, энэ нөхцөл байдлаар мэдээлэл авдаг, богино хугацаанд мөнгөтэй болох боломж судлаад хуурамч хаягт итгэж мөнгөө шилжүүлж алддаг. Дараагийн асуудал нь мал хулгайлах гэмт хэрэг. Ийм 3 төрлийн гэмт хэрэг жилээс жилд зонхилон үйлдэгдэж байгаа. Энэ хэргүүдийг багасгах тал дээр бид бүхний үүрэг оролцоо чухал. Нөгөө талаар ард иргэдийн сонор сэрэмж бас хэрэгтэй байгааг судалгааны дүн харуулж байгаа.
Нэг зүйл нэмж хэлэхэд прокурорын
байгууллагаас ард иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,
зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр гол хяналтаа чиглүүлж ажилладаг. Энэ
чиглэлээр зөрчлийн болон эрүүгийн нөхцөл байдал дээр төр, нийтийн эрх ашиг
зөрчигдсөн тохиолдолд прокурорын байгууллагаас өөрийн санаачилгаар болон төрийн
байгууллагын хүсэлт, холбогдох судалгаа дүгнэлтэд үндэслэл хийж иргэдийнхээ эрх
ашгийг хамгаалах чиглэлээр зохион байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа.
Цаашид энэ чиглэлээр манай байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажил, нөхцөл
байдлуудыг бид бүхэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй ил тод яриа
таниулга өгөх, ард иргэдийгээ мэдээллээр хангах, бусад байгууллагадаа энэ
чиглэлээр уриалах чиглэлтэй ажиллаж байна. Цаашид энэ чиглэлээр зөв хандлагыг түгээвэл ард иргэд маань амгалан тайван
орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Гэмт хэргийн гаралт буурах юм бол өнөөдрийн
бидний ажлын үр дүн гарч байна гэсэн үг.
Мөн иргэд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Хүний
өөрийн хандлага нь аливаа зөрчилд орох хамгийн гол зүйл юм. Жишээ нь тээврийн
хэрэгслээ жолоодохдоо бүрэн бүтэн байдлыг нь шалгах хэрэгтэй. Энэ мэтчилэн өдөр
тутмын үйл ажиллагаанд өөрсдийнхөө хандлагыг өөрчлөх, хүнд хэтэрхий
найддаг, итгэдэг энэ нөхцөл байдлаасаа салаад хүн болгон дор бүрнээ
хариуцлагатай болчих юм бол гэмт хэргийн гаралт буурах юм. Тэгэхгүй тодорхой
хэдэн хуулийн байгууллагууд дор бүрнээ ажил хийгээд үр дүнд хүрэхгүй.”