ОУОХ Саппорогийн спортын байгууламжуудтай танилцана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-05-04 16:00:05

ТОКИО. /Kyodo/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотоор Японы Саппоро хот шалгарсан тохиолдолд тэмцээнүүдийг явуулахаар төлөвлөж буй байгууламжуудтай энэ сарын сүүлээр танилцана гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.


ОУОХ-ны төлөөлөгчид Японы хойд нутгийн Хоккайдо мужийн Саппоро хот дахь спортын байгууламжуудад зочилж, үйл ажиллагааны нөхцөл, хэмжээ зэргийг шалгаж, зохион байгуулагч хотуудыг тодорхойлох үүрэг бүхий комисст шаардлагатай материал, баримт бичгийг бүрдүүлэх ажээ.


Энэхүү шалгалт хэдэн өдөр үргэлжлэх бөгөөд Японы Олимпын хорооны төлөөлөгчид дагалдан явна. ОУОХ-ны мэдээлснээр, шалгалтын үеэр ямар нэгэн хэлэлцээ хийхгүй бөгөөд олимпыг зохион байгуулах хотыг шалгаруулах комиссын гишүүд мэдээлэл цуглуулах ажилд оролцохгүй юм байна. ОУОХ 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах хүсэлтээ гаргаад буй АНУ-ын Юта муж улсын Солт-Лейк хотын байгууламжуудтай хэдийнээ танилцсан байна.


Саппорогийн эрх баригчдын мэдээлснээр, олимпын тэмцээнүүдийг нээлт, хаалтын ёслолыг зохион байгуулах “Sapporo Dome” цэнгэлдэх хүрээлэнгээс гадна 13 байгууламжийг шалгана. Одоогийн төлөвлөгөөгөөр Хоккайдогийн Обихиро хотод гүйлтийн тэшүүр, Хоккайдогийн Нисеко уулын амралтын газарт уулын цанын уралдаан, 1998 оны өвлийн олимпыг зохион байгуулсан Нагано хотод бобслей, чарганы тэмцээнийг явуулахаар товложээ. 

Related news