Г.Галтайхүү: Өндөр газарт бэлчдэг сарлагийн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-06 12:48:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд жижиг дунд үйлдвэр байгуулж, сарлагийн сүүгээр "Тува Яки" нэртэй европ бяслаг үйлдвэрлэж байгаа "Чинагийн Галсан сан"-гийн Тэргүүн Г.Галтайхүүтэй ярилцлаа.


Монгол орны хамгийн баруун зах болох Цэнгэл суманд сарлагийн сүүгээр европ бяслаг үйлдвэрлэж байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хэзээ эхлүүлсэн бэ?

- Цэнгэл суманд 2017 оноос үйлдвэрлэлээ эхлээд байна.

Технологийг нь хаанаас оруулж ирсэн бэ?

- Бяслагаа герман технологиор үйлдвэрлэдэг. Би өөрөө Германд сургууль төгссөн. Оюутан байхдаа бяслаг хэрхэн хийхийг сурах зорилгоор үйлдвэрт нь очиж ажилласан. "Би та бүхнээс мөнгө төгрөг авахгүй, зөвхөн бяслаг хэрхэн хийхийг зааж өгөөч" гэж хүсэлт тавихад тухайн үйлдвэрт ажиллах, бяслаг хийж сурахыг заах, мэргэжлийн курст нь сурахыг зөвшөөрч ажиллуулсан юм. Тэр чинь одоогоос 20 гаруй жилийн өмнө байсан л даа. Гэхдээ сурсан зүйл маань хэзээ нэгэн цагт хэрэг болох байх гэж боддог байлаа. Боломж нь бүрдэхгүй явж байгаад сүүлдээ Германд байгаа хүмүүст, тус улсын Элчин сайдын яаманд хандаж ийм ажил эхэлмээр байна гэдгээ хэлсэн. Тэд миний саналыг дэмжээд мэргэжилтнүүд олж өгсөн. Мэргэжилтэн явуулдаг байгуулага нь бас тусалсан. Германы мэргэжилтнүүдийг 2-3 удаа авч ирж бяслаг хэрхэн хийхийг залгуулсан. Сүүг ээдүүлэгч, сүүнд хийдэг хөрөнгө зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүдийн бүгдийг нь Германаас авч ирсэн.

Бяслагийг яагаад зөвхөн сарлагийн сүүгээр хийх болов?

- Монголд сарлагийн сүүгээр бяслаг хийдэг 2-3 газар л байгаа. Манайх өндөр газарт бэлчдэг сарлагийн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ ялгаатай. Сарлаг бол 3000 метрээс дээш өндөрт бэлчдэг ганц мал шүү дээ. Харин 3000 метрээс дээш өндөр газарт ихэнхдээ эмийн ургамал ургадаг. Манай Монголд бараг 500-гаад төрлийн эмийн ургамал ургадаг гэж ярьдаг юм. Сарлаг ийм өндөр газар эмийн ургамлаар бэлчдэг. Өдөрт 1 литр орчим л сүү өгдөг. Сүү нь бага боловч маш их өтгөн. Германуудтай хамтарч бяслаг хийх ажлыг эхлүүлсэн боловч эхний 2-3 жилд хүссэн түвшинд хүрээгүй. Яагаад гэвэл европт сарлагийн сүүг боловсруулдаг соёл байхгүй учир бүх юм шинэ байсан. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гэж нэлээн их зардал ч гаргалаа.

Шаардагдах санхүүжилтийг хувиасаа гаргасан уу?

- Зардлаа өөрсдөө гаргасан. Германы ЭСЯ, "Чинаагийн Галсан сан" гээд манай аавын нэртэй сангаас ч тусалж дэмжсэн. Тал талаас л тусалсан даа. Зүтгэсээр байгаад бяслаг үйлдвэрлэх ажил маань 3 дахь жилээсээ арай л гайгүй болж эхэлсэн.

Юу нь болохгүй байв?

- Далайн түвшнээс 3000 метр өндөрт бэлчдэг сарлагийн сүүгээр бяслаг хийсэн технологи, ном байдаггүй. Манайд ирсэн Германы мэргэжилтнүүд ч ийм юмыг амьдралдаа анх удаагаа хийж үзсэн. Сарлагийн сүү гэж Герман, Франц, Швейцарт байдаггүй. Маш цэвэр орчинд маш нарийн үйл ажиллагаа явуулахыг шаардсан. Сарлагийг сааж байгаа айл хүртэл маш цэвэр орчинд сүүгээ боловсруулж өгөх ёстой юм. Бид Цэнгэл сумын 30-аад айлаас өдөрт дунджаар 100 литр сүү худалдаж авдаг. Нэг литр сүүний 10 хувь нь бяслаг болдог. Өөрөөр хэлбэл 100 литр сүүнээс 10 кг бяслаг л гарна гэсэн үг. Эхний 2-3 жилд үйлдвэрээсээ ямар ч ашиг аваагүй, зардал л гаргасан. Айлуудад сүүнийхээ мөнгийг бүрэн өгч байсан. Ингээд юун дээр алдав, юуг нь дутуу хийв, минутан дээр алдсан уу, хадгалалт нь буруу байв уу зэрэгт дүгнэлт хийж зүтгэсээр байв. Өдөр бүр хийсэн бяслаг тус бүр өөрийн гэсэн хувийн хэрэгтэй байдаг. Энэ бүх нарийн ажиллагааны дараа дөрөв дэх жилээс эхлэн бяслаг маань сайн болж эхэлсэн.


Энэ ажлыг анх эхлүүлэхэд урдаа ямар зорилго тавьж байв?

- Шинэ төрлийн брэнд бүтээгдэхүүн бий болгохоос гадна бэлчээрийг хамгаалах зорилго бас тавьж байгаа. Бэлчээрийг яаж хамгаалах вэ гэхээр, 1990 оноос өмнөх манай улсын мал аж ахуйн бодлогод хонин сүргийн 10 хувь нь ямаа, 90 хувь нь хонь байхаар заасан байдаг. Ямаа бэлчээрт халтай учир тоо толгой нь өсөхөөр мал аж ахуйн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Одоо дээрх бодлого алдагдаж сүргийн бараг 50 хувь нь ямаа боллоо шүү дээ. Үүнийг зохистой түвшинд байлгахын тулд айлуудад, «Сарлагийн чинь сүүг худалдаж авч дэмжье. Ямаанаасаа илүү сарлагаас мөнгө олдог болъё. Тоо толгойг нь өсгөе» гэдэг санал дэвшүүлж ажиллаж байна. Тэгэхгүй бол бэлчээр муудах тусам малчдын амьдрал ч хэцүүддэг шүү дээ. Манай Цэнгэл суманд 2016, 2019 онд зуд болсон. Тухайн үед Европын олон сайн санаат хүмүүс, манай сангийн хоёр тулгуур байгууллага харамгүй дэмжиж тусалсан. Тухайлбал 2016 онд сүү нийлүүлдэг айлууд болон малчин өрхүүдэд 40 тонн хивэг, чиргүүлтэй 5 машин өвс тараасан. 2019 онд тус сумын 4, 7 дугаар багийн бүх айлд 80-аад тонн хивэг, 5-6 машин өвсний тусламж үзүүлж малчдаа дэмжиж байлаа.

Ер нь миний хийж байгаа бяслагийн гол зорилго бол ашиг олох биш юм. Нэгдүгээрт бэлчээрээ хамгаалах, сарлагийн тоо толгойг өсгөж, ямааны тоог багасгах, орон нутагт дээд зэргийн чанартай шинэ төрлийн брэнд бүтээгдэхүүн бий болгох боломжтой гэдгийг харуулахыг зорьж байна. Зөвхөн хотод биш хөдөө нутагт орон нутагт ч сайхан амьдрах, сайн орлого олох, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэсэн санааг хүмүүст ойлгуулахыг хичээж байна. Манай үйлдвэрт сүү нийлүүлдэг 30 айлыг яваандаа сүүн хоршоо болгон ажиллуулах зорилготой байна. Миний туршиж байгаа ажил 30 айлд амжилттай хэрэгжвэл 300 айлд ч хэрэгжинэ, 300 айлд болж байвал 3000 айлд болно. Цаашлаад манай орны 330 сумыг хамруулах боломжтой. 


Бяслагийнхаа "Тува Яки" гэдэг нэрийг дэлгэрүүлж тайлбарлаж өгөхгүй юу?

- “Тува” гэдэг нь тувагийн ард түмний нэр байгаа. Харин олон улсад сарлагийг “Як” гэж нэрлэдэг. “Як” дээр “И” үсгийг нэмж, зөөлрүүлж байгаа. Швейцарт ингэж үгийг зөөлрүүлж хэлдэг хэлний "донж" байдаг юм.

"Тува Яки" бяслагийн ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгарах ялгаа нь юу вэ?

- 3000 метрийн өндөрт эмийн ургамлаар бэлчдэг сарлагийн сүүгээр хийж байгаа гэдгийг дээр хэллээ. Тэр эмийн ургамлыг сарлагаар дамжуулан авч байгаа хэрэг л дээ. Тухайн бяслагийг Германы технологийн дагуу хийхэд линол буюу омега3 гэсэн тос бий болж байна. Омега3 нь хүний судасны нарийслыг задалж өгөх замаар зүрх, судасны тогтолцооны өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, мөн хавдрын эсийн үржлийг зогсоодог, харааг сайжруулдаг зэрэг олон талын үйлчилгээтэй. Манайхтай төстэй өндөрлөг газарт оршдог Непал улс сарлагийн сүүгээр бяслаг хийж үзсэн байдаг. Үүнийг Канадын Гуелфийн Их сургуулийн судлаачид судалж үзээд дээрх дүгнэлтийг гаргасан байна. Тухайн судалгааны талаар "Journal of Agricultural and Food Chemistry" сэтгүүлд ч нийтлэгдсэн байгаа.

Бяслаг хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

- Бяслаг хийхэд маш их үйл ажиллагаа ордог. Хийсэн бүтээгдэхүүнийг 12 хэмийн дулаан, 90 хувийн чийгшилтэй орчинд 3-6 сар хадгалж, өдөр болгон эргүүлж байх ёстой. Зургаан сар арчилж, тордож боловсруулна гэдэг амаргүй ажил. Үүнтэй холбоотой үйлдвэрийн өртөг ч өндөр гардаг. Бяслаг хийж ашиг олно гэдэг одоохондоо боломжгүй. Ирээдүйд бяслагаа гадаад руу гаргадаг болбол ашиг ярьж болно. Тийм учраас Монголд европ бяслаг үйлдвэрлэдэг 5-6 компани л байгаа юм.

Танай үйлдвэрийн одоогийн хүчин чадал хэр вэ?

- Одоогийн байдлаар жилд ойролцоогоор 500 гаруй кг бүтээгдэхүүн л үйлдвэрлэж байгаа. Бид дөрөв дэх жилээсээ эхлээд бяслагийнхаа амт, чанарыг сайжруулж, борлуулж эхэлсэн. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань Улаанбаатар хотын И-Март, Номин сүлжээ дэлгүүрээр зарагдаж байна. Хотод авч ирээд Мэргэжлийн хяналтын үндэсний лабораториор оруулж, орц, хүний биед сөрөг нөлөөтэй бактер байгаа эсэхийг шинжлүүлж, "Cheese Republic Mongolia" европ бяслагийн холбоонд нийлүүлж байгаа. Тус холбооноос цаашаа жижиглэнгээр борлуулж байна. 

  

Сарлагийн сүүгээр хийсэн бяслагийг хотын иргэд хэрхэн хүлээж авч байна?

- Хүмүүс маш сайн хүлээж авч байна. Энэ жил Бяслагийн фестиваль-ийг 2 дахь удаагаа зохион байгуулсан. Фестивальд оролцсон гадаадын Элчин сайдын яамныхан "Тува Яки" бяслагийг маш өндрөөр үнэлсэн. Худалдан авагчид гоё болж байна, амт нь сайжирч байна гэж магтаж байгаа. Ер нь монголчууд сүүлийн үед европ бяслагийн сайн талыг ойлгож амтархан иддэг болж байгаа. Гэхдээ сүүгээр хийсэн бяслаг, сүүн бүтээгдэхүүнийг орлуулагчаар хийсэн бяслаг гэж 2 төрлийн бүтээгдэхүүн байдаг. Түүнийг иргэд одоохондоо ялгаж салгаж ойлгохгүй байна. Монголд анолог бяслаг маш ихээр орж ирдэг. Анолог бяслаг нь ямар учиртай вэ гэхээр түүний орцод ямар ч сүү ороогүй, ургамлаас гаргаж авсан орлуулагч бүтээгдэхүүнүүдэд янз бүрийн амт, үнэр, өнгө оруулагч нэмж хэдхэн хоногийн дотор бэлэн болгодог юм. Тэр нь бидний хийж байгаа байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн бяслагтай харьцуулахад хамаагүй хурдан бий болдог. Хоёрдугаарт, сүүгээр хийсэн бяслагаас авдаг шиг шим тэжээл байдаггүй гэсэн үг. Тийм учраас иргэд сонголтоо зөв хийх ёстой юм.   

"Тува Яки" бяслагийг гадаадад экспортод гаргах боломж байна уу?

- Гадаад орнуудад гаргах боломж одоохондоо байхгүй байна. Учир нь хүнсний бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд аюулгүй байдлын талаас маш олон гэрээ хэлэлцээрүүд хийх ёстой байдаг. Эдгээр ажлуудыг хараахан хийж амжаагүй. Монголоос хүнсний бүтээгдэхүүн экспортлох амаргүй юм шиг байна. Ямар ч байсан бага багаар боломжууд нээгдэж байгаа. Яваандаа гадагшаа борлуулах боломж бүрдэх байх гэж бодож байна. 

Манай улсад бяслагийн үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд төр засгийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай вэ?

- Бид бүтээгдэхүүнийхээ амт, чанарыг улам сайжруулж байгаа. Цаашид Монголын брэнд болгохын тулд төрийн дэмжлэг хэрэгтэй. Сүүгээр хийсэн экологийн цэвэр био бяслаг гэдгийг олон түмэнд таниулах шаардлагатай. Зах зээлийг нь хамгаалах ёстой. Түүнээс гадна гадаадад сурталчилж, экспортод гаргах замыг нь нээж өгвөл зүгээр байна. Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ гадаад руу гаргаж чадах юм бол энэ салбар маань улам хөгжөөд Монголын шинэ брэнд гарна, Монголын нэрийг гадаадад сайнаар таниулна гэсэн үг. Манай улс 70 сая малтай, 1,5 сая км2 газар нутагтай. Ийм сайхан бэлчээртэй нутгийн мал аз жаргалтай байдаг гэж боддог. Аз жаргалтай малын сүүн бүтээгдэхүүн бол дэлхий дээр байгаа хамгийн органик дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нь гарцаагүй. Түүний нэг нь манай бяслаг болох байх гэж бодож байна.


- Ярилцлагынхаа төгсгөлд хэлэх зүйл юу байна?

- Энэ төслийн үр дүнд Цэнгэл сумын Оюунсувд, Сувдаа, Янгирмаа, Оргилчулуун, Алгирмаа, Нэргүй, Насанхүү, Энхбилэг Алтангэрэл нарын олон охид герман мэргэжилтнүүдээс бяслаг хэрхэн хийхийг сурсан. Эдгээр залуусдаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн сүү зөөж байнга дэмжин ажилладаг Мөнхөө ах, Мөнх-Оргил, Оргилбулаг, Тогтоххүү, Арьяабаатар, Энхжаргал гээд тус сумын олон хүний ачаар л бяслаг маань бүтлээ. Тийм учир нутгийн зон олондоо дахин талархлаа илэрхийлмээр байна. Энэ бол бид бүхний бүтээл юм шүү.

Related news