Хүүхэд оролцсон замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-06 17:06:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний мэдлэг олгох ажлыг зохион байгуулж байна.

Сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихээр үйлдэгдэх болжээ. Мөн хүүхэд оролцсон замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаа аж. Ихэвчлэн 7-14 насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр ганцаараа явж байх үедээ осолд өртдөг байна. Бага насны хүүхдүүдийн дийлэнх нь орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байх үедээ, мөн хашаандаа, гудамж талбайд тоглож байх үедээ тээврийн хэрэгслийг хөдлөх үед эрсдэлд өртөх зэрэг зөрчил ихээхэн тохиолддог байна. Иймээс бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох ажлыг зохион байгуулжээ.  

Сэлэнгэ  аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улаан загалмайн нийгэмлэг, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран "Замын хөдөлгөөний цагаан толгой-2022" тэмцээнийг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулав. Аймгийн Биеийн тамир, спортын ордонд болсон энэхүү тэмцээн нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох, соёлыг түгээхэд чиглэжээ. Тэмцээнд  сургуулийн өмнөх насны 70 гаруй хүүхэд асран хамгаалагч эцэг, эх, багш нарын хамт мэдлэг чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон байна. Энэ тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн "Цагдаагийн жавхаа" баг шалгарчээ. Дэд байрт Төмөр замын " Бүжинхэн" цэцэрлэгийн  "Зохицуулагч" баг, гутгаар байрт Жавхлант сумын 1 дүгээр цэцэрлэгийн "Тусгай салаа" багууд тус тус шалгарчээ.  

 

Related news