Хатагтай Речина Рутенберг төслийн үйл ажиллагаатай танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, хатагтай Речина
Рутенберг Сэлэнгэ аймгийн
Сайхан суманд ажлын айлчлал хийв. Түүний ажлын гол зорилго нь тус сумын
2-р цэцэрлэгт Германы Элчин сайдын яамны санхүүжилтээр
хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцсан аж.
Сайхан
сумын 2-р цэцэрлэгт 62.3 сая төгрөгийн өртөгтэйгээр хэрэгжиж буй уг төслийн
хүрээнд тус цэцэрлэгийн гадна хашаа, 6 бүлэг, коридорын заслын ажил хийж байгаа аж. Уг төслийг Германы Элчин сайдын яам төдийгүй сумын ЗДТГ, цэцэрлэгийн хамт олон, хүүхдүүдийн эцэг,
эхчүүдийн олон талт хамтын ажиллагааны үр
дүнд чанартай, амжилттай хэрэгжиж байна хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч хэллээ.
Тус хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын засварын ажилд цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүд гар бие оролцон дэмжлэг үзүүлж байгаа аж. Сайхан сумын 1, 2, 3, 4-р цэцэрлэг Германы Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй төслийн үр шимийг хүртэж байгаа ажээ.





